Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.53 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өсчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.
Орон сууцны үнийн индекс, 2018 оны нэгдүгээр сар
Үзүүлэлт | Ерөнхий | Шинэ о/с | Хуучин о/с |
Индекс | 1,015 | 1,164 | 0,923 |
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ | 1,54% | 16,41% | -7,74% |
Өмнөх сартай харьцуулахад | 0,25% | 0,02% | 1,16% |
Оны эхэнтэй харьцуулахад | 0,25% | 0,02% | 1,16% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | 3,53% | 3,28% | 0,30% |
ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулжээ.