Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.
“Ирээдүйн эзэд” аяны нээлтийн үйл ажиллагаа Отгонтэнгэр их сургуульд болсон бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, НЗХГ-ын дарга С.Сүх-Очир болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн аяны нээлтэд нийслэлийн 84 дүгээр сургуулийн ахлах ангийн 604 сурагч оролцож, ирээдүйд эзэмших мэргэжил сонголтын талаар мэдээлэл авав.

Аяныг нээж, ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Хүүхдүүд бол Монгол Улсын ирээдүй. Тиймээс ч хүүхдүүдийн сонгосон мэргэжил нь Монгол Улсын сонголт болдог. Гэтэл хүүхдүүд аав ээж, найзынхаа шахалтаар өөрийнхөө хүсээгүй мэргэжлийг сонгох нь цөөнгүй байгаа юм. Өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс ахлах ангийн сурагчид та бүхэн сэтгэлийн хөөрлөөр бус би хэн бэ, юу хүсч, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийгээрэй. Мэргэжлээ зөв сонгосон хүүхдийн ирээдүйд амжилтад хүрэх зам дардан байдаг” хэмээн хэллээ.






























