Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний цаг үеийн байдал, хяналт шалгалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн юм. Орон нутгуудад гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, нийслэлийн Онцгой комиссын дарга 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр албан даалгавар гаргаж, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэн, нийслэлийн Онцгой комиссоос хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Онцгой комиссын орлогч даргын 2018 оны “Үүрэг хүргүүлэх тухай” 23 тоот албан бичгээр нийслэлийн 8 байршилд буюу Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоонд энэ оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ариутгал халдваргүйтгэл, хяналт шалгалтын пост 24 цагаар ажиллуулан товчоодоор нэвтэрч байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийж байгаа юм.
Түүнчлэн суурьшлын бүсээс малтай иргэдийг гаргах ажлын явцын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар 2967 малыг хориглосон бүсээс гаргаад байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн мал бүхий иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж хотоос гарах талаар заавар зөвлөгөө өгсөн. Ерөнхийдөө энэ оны тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хориглосон бүсэд суурьшиж буй мал бүхий иргэдийг бүрэн гаргах ажил дуусна” хэмээлээ.
Хурлын төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын дэд дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, суурьшлын бүс буюу хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор нүүлгэн шилжүүлэх, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны “Үүрэг хүргүүлэх тухай” 23 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангуулан, ариутгал халдваргүйтгэл, хяналт шалгалтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гоц халдварт шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хугацаанд нь хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж түүхий эдийн зах, худалдааны төв, мал хэрэгцээлэх газар болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зохих зааврын дагуу устгах, малын хашаа хороо өтөг бууц, тоног хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж урьдчилан сэргийлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд үүрэг болголоо.