Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-г удирдах тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгожээ.
Бөхийн өргөөнд МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн 02 цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.
“Их Эе”-ийн хурлын гол асуудал бол шинэ тэргүүн сонгох асуудал байв. Тус МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлжээ. Өглөөний 11 цагт эхэлсэн хурлын үйл явц удааширсаар үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа.
Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.
Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов.