Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”,” Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр 20:30-21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтсэн байна. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, иргэд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгджээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог аж.