Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЦГ-аас газраас хамтран нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах ажлын хүрээнд “Камержуулалт-2” аян эхэлж байгаагаа өнөөдөр мэдээлэв.
Орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааныг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зарлаж байна.
Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт-1” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн 2211 камер шинээр суурилуулжээ. Энэ удаагийн болзолт уралдаанд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс гадна аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтойгоороо онцлог юм.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НИТХ, Нийслэлийн цагдаагийн газрын вэб сайт, фэйсбүүк хуудас болон 9910-9382 дугаараас тодруулах боломжтой гэдгийг мөн дуулгасан юм.