Хаврын сар дундаа орж,ханш нээлээ. Орхон Сэлэнгийн бэлчир нутгаар тариалангийн талбайд хаврын ажил эд оволзож байна.УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, өөрийн сонгогдсон тойргийн иргэд, малчин, тариаланчидтай уулзаад ирлээ.Үүнд Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул,Сант,Түшиг,Зүүнбүрэн, Баруунбүрэн, Сайхан, Хушаат, Цагаануур зэрэг газар тариалан, мал аж ахуйн гол сумдууд хамаарна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль, тогтоомжийг танилцуулж, мөн орон нутагт зайлшгүй хийх ёстой ажлуудын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцлаа.Мөн улсын төсвийн санхүүжилтээр сумдадхийжэхлэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, ажлыг эхлүүлэх талаар сумдын удирдлагуудтай санал солилцов.
Орхон-Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох асуудал шийдлээ хүлээж байна
Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын үр тарианы 60 гаруй хувийг энэ бүсээс хангадаг.Тариаланч, ногоочдын хувьд хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.Энэ жил шатахууны үнийн өсөлт тариаланчдад багагүй асуудал үүсгэжээ.Тиймээс Засгийн газар газар тариалангийн голлох бүс нутгийн сумдад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг тойргийн гишүүнээрээ дамжуулан уламжилж байв. Үүнтэй холбоотойгоор Орхон-Сэлэнгийн бүсэд тариалан эрхэлдэг компаниуд, тариаланчид орон нутгийн удирдлагуудыг хамарсан бүсийн зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санаачлан Улаанбаатар хотноо хийж, цаашид газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн гол бүс нутаг болоход төрийн ямар бодлого хэрэгтэй байгаа, хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн төр, аж ахуйн нэгжүүд хамтран ажил хэрэг болгохоор ажиллаж байгаагаа иргэдэд дуулгав.
Малчдын хувьд ямааны ноолуур самнах, мал төллөхөөс авахуулаад их ажлууд ундарч эхэлжээ.Сэлэнгэ аймгийн хувьд тариалангийн талбай, малын бэлчээрээс улбаалан малчид, тариаланчдын хооронд маргаан тасардаггүй. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг, газар тариалантай хослуулан хөгжүүлэх гол бүс болгох төрийн бодлого үгүйлэгдэж байгаа.Малын толгой гэхээсээ илүү нэг малаас авах эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат саналаа хэлж, энэ тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа иргэдтэй уулзах үеэрээ илэрхийлсэн юм. Хэдийгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин энэ жил гараагүй ч цаашид энэ хэвээр нь хадгадах, мөн иргэдийг түгшээж буй уул уурхайн лицензүүдийг цэгцлэхэд ч анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ хэллээ.
Хүнсний ногооны урамшуулал олгох боломж байгаа юу?
Сэлэнгийн ногоо Монголын хамгийн эрүүл, органик хүнсэнд тооцогдож байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийр бригадын хөндийн ногоон талбайгаас Монголын хамгийн анхны шинэ ургацын органик бүтээгдэхүүн болох шийрийн төмс хэрэглэгчдийн гарт хүрч, эрэлт хэрэгцээ өндөр болж байгаа учраас тариалалтыг өсгөх шаардлага байгаа аж. Хавар үрээ суулган, намар наадмын дараа гэхэд болц гүйцсэн байдаг нь энэ нутгийн хөрс, шороо, байгаль цаг уурын нөхцөл байдалтай салшгүй холбоотой гэдгийг Шийрийн хөндийн тариаланчид хэлж байна.Гэсэн ч төмсний борлуулалтын ажил тийм ч хялбар биш байдаг. Ер нь ганц энэ сум ч биш аймгийн хэмжээнд ногоочдын ногоогоо борлуулах асуудал хүнд хэвээр. Борлуулалт үргэлж ченжийн гараар дамждаг. Ногоочдын гар дээрээс хямд үнээр аваад хэрэглэгчийн гарт хэд дахин нэмэгдсэн үнээр очдог асуудлыг зогсоох шаардлагатай байгаа. Тиймээс ногоочдын борлуулалт, мөн урамшуулалтай болгох талаас нь анхааралдаа авч ажиллахыг хүслээ.
Өрхийн амьжиргаа, жижиг үйлдвэрлэлийн зах зээлийг булаах оролдлогыг тэвчихгүй
Сүүлийн үед томоохон компаниуд ирж их хэмжээний ногоо тарьж орон нутгийн ногоочдын зах зээлийг булаах оролдлого хийж байгаа аж. Хүнд техниктэй, мөнгөтэй компаниудын түрэмгий бодлого нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэрийг булаах шалтгаан болох магадлал байгаад сэтгэл зовж байгаагаа гишүүндээ уламжлав. Харин Д.Эрдэнэбат гишүүний хувьд “Ургац хураалт нэг цонхоор борлуулах шаардлага байна. Ингэхийн тулд сум бүрт төвлөрсөн хоршоолол байгуулан ажиллаж нэгдмэл нэг бодлогоор явах нь зүйтэй.Ногоочдынхоо тарьж ургуулсан ногоог аль болох ченжийн гараар дамжуулахгүй болгох ажлыг орон нутгийн удирдлагууд, ногоочидтойгоо хамтран хийж эхлүүлнэ” хэмээсэн. Мөн Өрхийн аж ахуйг цаашид ЖДҮ-н хэмжээнд аваачих, цаашид нутгийн иргэдийн ажлын байрыг хадгалах гол ач холбогдолтой байдаг учраас хүнсний ногоо тариаланчид монополь байж болохгүй гэдэгтэй санал нэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах болно гэв.
Ахмадууд зээлийн хүүг бууруулж, тэтгэврийн зөрүүг арилгахыг хүслээ
Улс орны эдийн засаг өссөн гэх боловч иргэдийн амьдралд тэрхүү өсөлт нь бодитоор мэдэгдэхгүй байгаадиргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, Монгол Улсад өр зээлгүй иргэн гэж бараг үгүй. Тэр тусмаа сумын ахмадуудын 90 хүртэлх хувь нь тэтгэврийн зээлтэй аж. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан шийдвэр Засгийн газар гаргасан ч тэр нь шинэ зээлдэгчид хамааралтай болохоос өмнө нь зээлтэй байсан ахмадуудад огт нөлөөлөхгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ. Мөн тэтгэврийн зөрүүг ойртуулах талаар ахмадууд саналаа хэлж байлаа.
Багш, сурагчдыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна
Орхон, Сэлэнгийн бүс энэ жил боловсролын хөрөнгө оруулалтыг чухалчилж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудалд тойргоос сонгогдсон гишүүн болон орон нутгийн удирдлагууд нягт холбоотой ажиллаж, онцгой анхаарч байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өөрийн санаачилгаараа тойргийнхоо есөн сумын захиргаа,сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран боловсролын хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд бүр авьяасаа нээн хөгжүүлэхэд нь туслах зорилготой. Энэ бол өөртөө итгэлтэй, цогц мэдлэгтэй иргэн болон төлөвших алхам ч гэж хэлж болно.
Хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд л гэхэд найман сум, нэг тосгоны 31 багш МУБИС-д мэргэжлийн зэргээ дээшлүүлэхээр суралцаж байна. Мөн дунд сургуулиудад төрөлжсөн анги нээхээр зарим сумын сургууль, цэцэрлэгт шатар, даам, хөгжмийн иж бүрэн кабинетыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын дэмжлэгээр байгуулж эхэлжээ. Тухайлбал, Орхонтуул сумын хувьд гитар хөгжмийн сургалтын танхимыг мөн тохижуулж,гардуулан өглөө. Хөдөөгийн хүүхдүүд авьяас чадвараар хот газрынхаас дутахгүй ч,хөгжим,хэрэгсэл дутмаг байдаг.Орхонтуул суманд хөгжмийн мэргэжлийн багшаар удирдуулсан, сурагчдын хамтлагтай. Тэд авьяас,хүсэл мөрөөдөл,тэмүүлэлтэй. Харин хөгжмийн хангамж, хэрэглээний хувь аргагүй дутагддаг байна.Тус хөтөлбөрийн хүрээнд иж бүрэн хөгжимтэй болсон нь хүүхдүүдийн авьяасыг улам хөглөсөн үйл явдал боллоо хэмээн багш, сурагчид ч сэтгэл хангалуун байна. Д.Эрдэнэбат гишүүн хэлэхдээ “Манайх шиг хүн ам цөөнтэй оронд хүүхдийн боловсролыг дээшлүүлэх, авьяас чадварыг нээх нь хамгийн гол дархлаа. Тийм учраас тэд ч мөн үргэлж хөгжиж, дэвшиж байх ёстой учраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид сурч, боловсрох, эрдэм боловсролтой, хүнлэг ирээдүй хойч үеэ хамтран бэлтгэх ажилдаа хамтран идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Төслийг хэрэгжүүлэхдээ тойргийнхоо нийт сургууль, цэцэрлэгээс ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулдаг байна. Цаашлаад үйлдвэрийн бүс болох Сайхан сумаас эхлээд инженерийн сургалттай төрөлжсөн ангийг нээх, багш бэлтгэх гээд олон ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөжээ.