УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн саналаас эхлээд хэлэлцэх халуухан сэдвүүдтэй хаврын чуулган өнөөдрөөс ирэх долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.
УИХ-ын дарга М.Энхболд энэ хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёсзүйг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Тэрбээр чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ "Иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдуулж байгаа хариуцлага, ёсзүйн асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёсзүйтэй байхыг УИХ өөрөө эхэлнэ. Эхний ээлжинд УИХ-ын чуулганы дэгийн хуулинд өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ" хэмээн танхимын гишүүдээ "чангална" гэдгээ чуулганы индрээс мэдэгдэв.