Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа. Тиймдээ ч, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан тушаал шийдвэрийг үл тоосон нь хүний амь нас эрсдэх таагүй үр уршгийг дагуулжээ.
Учрыг тодруулбал, нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол бөхийн өргөө болон “Мишээл экспо” төвийг “Арга хэмжээ, тоглолт зохион байгуулахад зориулалтын бус хэмээн дүгнэж, энэ сарын эхээр албан бичиг хүргүүлсэн байна.
Гэтэл уг шийдвэрийг үл тоож, “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тоглолт үзэхээр ирсэн 66 настай эмэгтэй ухаан алдаж, улмаар нас нөгчсөн харамсалтай хэрэг гарчээ.
Өдгөө холбогдох хууль хяналтын байгууллагаас Монгол бөхийн өргөөнд шалгалт хийж буй бөгөөд хууль бус холбооны нөхдүүд энэ талаар ихээхэн нууцалж буй гэнэ. Холбооныхоо үндсэн зарчмыг доголдуулан эрх мэдлийн төлөө талцаж, Монгол бөхийн өргөөг өөрсдийн мэдэлд авах гэсэн увайгүй хүмүүсийн тарьсан балаг үүгээр зогсохгүй нь бололтой. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тамга тэмдгээ булаацалдсан балагтай нөхдөд чухам хэн хариуцлага тооцох вэ...