Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар захирамж, Засгийн газрын 7 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/135 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавин Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байна.