УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан. Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Мөн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн”, мөн зүйлийн 23.2.3-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж тус тус заасны дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна.
Танилцуулгтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх зүйн орчин шинэчлэгдэж буйтай холбоотойгоор прокурорын байгууллагын орон тоо, төсөв нэмэгдэх эсэхийг тодрууллаа. Эрүү, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр ялын төрөл нэмэгдэж, үүний зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарч буйтай холбоотойгоор орон тоо нэмэх шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав.
Гэхдээ улс орны эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг тооцож орон тоо нэмэхгүйгээр одоогийн бүтцээрээ ачааллаа зохицуулж ажиллахаар бэлтгэл хангаж байгаа, харин эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед орон тоо нэмэх шаардлагатай хэмээн тооцсон байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал бий эсэхийг Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөллөөс асуулаа. Төсөлд хэрэгжүүлэх боломжгүй, хүндрэлтэй зохицуулалт байхгүй хэмээн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулав. Ингээд Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 05-ны өдөр хуралдан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Тухайлбал, төслийн нэр томъёог жигдэлж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төсөлд тусгасан байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд удирдах албан тушаалтнуудын шалгуурын талаар тусгасан эсэхийг тодруулав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын албан хаагчийн нийтлэг шалгуурыг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбарлалаа. Харин тус байгууллагын удирдах албан тушаалтны шалгуур нь Төрийн албаны тухай хууль дахь нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулагдах юм байна.
Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал бол 2017 оны зургадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Харин УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр хойшлууллаа.