Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг гуравдугаар баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар гарсан ойн түймрийг өчигдөр Онцгой байдлын алба хаагчид цурманд оруулж, бүрэн хяналтад авсан байна.
Энэ сарын 15-нд ирсэн дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн ажиллажээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх аж.
Тиймээс түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмыг битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.