Монголбанктай холбоотой тогтоол УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа.

Д.Эрдэнэбат: Монголбанканд анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс төрийн утга агуулгатай дүгнэлт гаргасан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ тогтоолтой холбоотой асуудлаар Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэ дүгнэлт Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны архивт заавал үлдэх ёстой гэж үзэж байна. Ерөнхий дүгнэлтийн хувьд Ажлын хэсэг шалгалт хийхдээ Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл  “Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалт “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэснийг тус тус зөрчин Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд нь шууд халдаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгсэлийг нь үгүйсгэн, жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийн мөн чанарыг ойлголгүй, тэдгээрийг хэрэгжүүлсэн Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтган үзсэн, хатуухан хэлэхэд дэндүү мэргэжлийн бус алдаатай дүгнэлт гаргасан байна гэж УИХ дахь АН-ын бүлэг үзлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвхөн МАН-ын  төлөөллийг оруулсан төдийгүй ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийг ашиг сонирхлын зөрчилтэй, өмнөх удирдлагын үед ажлаас халагдсан хүмүүсээс бүрдүүлсэн нь Монголбанкны бодлогын талаар макро төвшинд мэргэжлийн үнэн зөв, бодит дүгнэлт өгөхийг хүсээгүй,  анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс төрийн утга агуулгатай дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргуулах зорилготой байсан нь тод харагдаж байна. Ажлын хэсэг нь Монголбанкны дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, өөрсдийнхөө үзэмжээр гаргасан. Энэ тогтоолд Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохдоо шүүхийн шинжтэй тогтоолын төсөл болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тогтоолын хамгийн харгис нь Монголбанкны Ерөнхийлөгчид арга хэмжээ авах заалтаа шүүхийн шийдвэр шиг "албан тушаал урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан" гэсэн үндэслэлийг заасан байгаа. Нотлогдоогүй үндэслэллийг УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах ёсгүй. Шүүх л тогтоох ёстой. Тиймээс энэ тогтоол Монгол Улсын УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна. Ийм буруу жишигтэй тогтоол гаргаж байгаа учир үүнийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлаггүй гэдэг гэсэн асуудлаар зарчмын зөрүүтэй санал оруулж байна" гэлээ.

Түүний энэхүү зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

Хэлэлцүүлгийн шатанд:

З.Нарантуяа: Нууц тамга дарчихсан байгаа мөнгөө ярихгүй юм уу

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ажлын хэсгийн шалгалтын зорилго нь юу байсан юм бэ. Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн явуулсан мөнгөний бодлогод зөв, буруу гэдэг дүгнэлт өгөх байсан уу. Эсвэл дотоод аль нэг үйл ажиллагаа гүйлгээнд шалгалт хийх гэж байсан юм уу. Хэрвээ мөнгөний бодлогод дүгнэлт хийх гэж байгаа бол Төвбанкны хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн дүгнэлт гаргасан. Өнөөдөр энэ ажлын хэсгийн дүгнэлт дээр бид хоёр төслийн мөнгийг л яриад байгаа. Тэгвэл нууц тамга дарчихсан байгаа мөнгөө ярихгүй юм уу. Хэрвээ бодлого ярих гэж байгаа бол энэ мөнгө чинь адилхан нийлүүлэлтэд нөлөөлсөн шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төв банкны ерөнхийлөгч гомдлоо бариад яв, УИХ тогтоолоор чиглэл өгдөг байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 3.1 их наяд төгрөгийн алдагдал бий болсон тухай ярьж байгаа. Миний хувьд  2015 онд ажлаа өгсөн. 3.1 их наяд төгрөгийн алдагдлаас 1.7 их наяд нь 2016 онд үүссэн алдагдал. Энийг задлаад харахаар алдагдлыг үүсгэсэн гэрээ хэлцэл нь эхний зургаан сард хийгдсэн гэрээ хэлцэлтэй холбоотой. Бид алдагдал нь бодит алдагдал уу, бодит бус алдагдал уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй. 1.7 их наядыг дотор нь задлаад үзвэл явдалтай юмнууд их бий. Энийг “Эрдэнэт”-ийн дүгнэлтэд их нарийн тусгасан байна билээ. 451 тэрбум төгөгийг зах зээлийн үнээс доогуур хүүтэй хөрөнгийн үнэлгээний хүлээн зөвшөөрөлтийн алдагдал гэж төв банк хүлээж байгаа. Энийг валютын нөөцтэй холбоотой, бодлогын хүүгээс тусад нь ялгаж хараад үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Н.Золжаргал гэж нэр зааж болохгүй, 2012-2016 онд ажиллаж байсан удирдлага гэж оруулсан нь зөв болов уу. Албан тушаалдаа хайнга хандсан, урвуулан ашигласан гэсэн үг хэллэгийг хууль хяналтын байгууллага л хэрэглэдэг, Эрүүгийн хуулийн хэллэг.  Тогтоолд ийм байдлаар оруулж ирэхээр хүн яллаж байгаа тогтоол шиг харагдана. Тогтоолдоо нэр томъёог нь арай өөрөөр зааж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах гэвэл зөв харагдах байх. Хоёрт, хохирсон улсууд хууль хяналтын байгууллагад хандахыг чиглэл болгохоос биш шууд хууль хяналтын байгууллагад шилжүүл гэх нь буруу.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монголбанкны алдагдал дээр бодит, бодит бус алдагдал гэж байдаг гэдгийг Монгол банкныхан хэллээ. Тэгвэл эдгээр хэлцлүүдээс хэд нь бодитой учирсан алдагдал нь хэд, бодит бус нээлттэй хэлбэрээр байж байгаа нь хэд юм бэ гэдгийг ажлын хэсгийнхэнд ойлгуулаад өг.

Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн:Олон улсын нягтлах бодох бүртгэлийн зарчмаараа алдагдал нь өөрөө бодит болон бодит бус гэж ангилагдаж байгаа. Тиймээс өнөөдөр энэ нь бодит, нөгөөх нь бодит бус алдагдал гээд шууд хэлчих боломжгүй. Оройлоцоогоор хэлэх юм бол ажлын хэсгийн алдагдал гэж гаргасан тооноос өнөөдрийн хувьд яг тал нь бодит, бодит бус нь тал нь гэж хэлж болно.

Д.Эрдэнэбат: УИХ нэг хүнийг ялалсан тогтоол хэдэн удаа гаргах гээд байгаа юм

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагаа шалгасан ажлын хэсгийн дүгнэлт бол Монголын мөнгөний бодлогын дотоод үйл ажиллагаанд оролцсон явдал. Монголбанкны хүмүүсийн тайлбараар бол бодит алдагдал гэдгийг тайлбарлаж буйгаар онц нойтой хохирол учирсан гэдэг дүгнэлт зөрүүтэй байна. Тиймээс  ч энэ шалгалт улстөржсэн гэдгийг илтгэж байгаа. МАН энэ шалгалтыг улстөржүүлж байгаа Ерөхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Золжаргал гэж хүнийг муухай хүн байдаг. Хэдэн их наядаар идсэн, уусан гэдэг утга бүхий төлбөртэй нийтлэллийг МАН  бүх сонинд нэгэн зэрэг гаргасан. Монголбанк мөнгөний бодлогийн байгууллага. Тиймээс халдашгүй эрх байх ёстой. Үе үеийн Ерөхийлөгч нар үүнийг баримталж ирсэн. Тэдний үйл ажиллагааг нь Монголын төр хүндэлж ирсэн. Гэтэл өнөөдөр яаж байгаа юм. Энэ тогтоол чинь "Монголбанкны одоогийн Ерөхийлөгч Н.Баяртсайханд өмнөх Ерөхийлөгч Н.Золжаргалд их мөнгө идэж, уусан  гэдгээр нь хуулийн байгууллагад өг" гэсэн тулгалтыг хийж байна. Монголын төр ингэж болдог юм уу. Энэ тогтоолыг хэн санаачилсан юм бэ. Н.Золжаргал гэдэг хүнийг улсад онц их хэжмжээний хохирол учруулаад байна гэдгийг хэн тогтоосон юм бэ. УИХ ийм ялын тогтоол гаргаж болдог юм уу гэдгийг л би асуугаад байгаа. Алдаа, дутагдалыг нь хаацайлах гэсэн юм биш. Ганцхан улстөржсөншийдвэр битгий гаргаач. Нэг хүнийг ялалсан тогтоол УИХ хэдэн удаа гаргах гээд байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо ийм тогтоолын төсөл хэлэлцэх нь зөв юм уу. Хэрвээ бид улстөржих юм бол Н.Золжаргалын үед МАН-аас Б.Жавхлан гишүүн, МАХН-аас Э.Батшугар байсан. Монголбанк хамтын удирдлагатай явж байсан.

Монголбанкаар өөрөөр нь өмнөх Ерөхийлөгчийг нь яллуулах тогтоол УИХ-д оруулж ирэх нь зөв юм уу. Улстөржиж болно. Гэхдээ Монголбанкаараа, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ улстөржиж болохгүй. Энэ тогтоолыг ямар зорилгоор хэн боловсруулсан гэдгийг надаа хэлээд өг.

 

 

 

1 сэтгэгдэл

  1. erdenebat gej estoi hereggui buunii nohoi bainaaa.uhaan chin hurehgui bol ajlaa ogdoo.toriin terguyunii bosgond iim juldrainuud turuulj alhah hereggui

Comments are closed.