Баян-Өлгий аймгийн хүүхдийн ээлжит V чуулган “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” уриан дор зохион байгуулагдлаа.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгон шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой уг чуулганыг аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтран “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр зохион байгуулсан юм.
Чуулганд аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга бөгөөд хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Нансалмаа, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, Цагдаагийн газрын дэд дарга Б. Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга С. Айгүл нар болон бусад хууль хяналтын байгууллагын төлөөллүүд төвийн болон хөдөөгийн сум, тосгоны сургуулиудаас нийт 300 гаруй хүүхэд, боловсролын байгууллагын нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө дуу хоолой болж буй хүүхдийн элч нар оролцож хүүхдэд тулгамдсан асуудлуудын гарцыг тодорхойлов.
Чуулганаар хүүхдүүд өөрсдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр олон асуудлыг дэвшүүлсэн юм. Тухайлбал: гудамж талбайн аюулгүй байдал буюу гэрэлтүүлэгтэй болгох, эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, сургуулийн сургалтын орчныг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх номын сан, кино театр, тоглоомын талбай барьж байгуулах, биеийн тамирын заалыг үнэ төлбөргүй болгох, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сургуулийн эмч нарын үйл ажиллагааг сайжруулахад анхаарах зэрэг асуудлуудыг чухалчилж чуулганаас зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг ханган ажиллахыг уриаллаа.