Гэрэл зургийн түүхийн 55 жилийг бүтээсэн Д.Цэрэннадмид

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нэгэн содон үзэсгэлэн олны анхаарлыг татлаа. СТӨ-ний Их танхимд 1000 сэтгүүлч чуулж байхтай зэрэгцэн Уран зургийн Галарейд ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын гэрэл сүүдэр хослуулан бичсэн түүхэн зургийн үзэсгэлэн хөл ихтэй, хүндэт зочин олонтой байв.

Гэрэл зургаар дагнан 55 жил ажилласан Д.Цэрэннадмидын уран бүтээлийн энэ тайлан үзэсгэлэн хэдхэн зургийн эвлүүлэг товхимол хийх санаанаас төржээ. Зүгээр л зургаа эвлүүлж ядан явсан түүнд МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг туслахаар шийдэн ном хэвлүүлж өгөх болсноор үзэсгэлэнгээ ч гаргах зориг шулуудсан байна. Түүнд тоолшгүй олон зураг хуримтлагдсан ч нямбай няхуур, хичээнгүй хөдөлмөрч явсны хүчинд дугаарлаж бүртгэлжүүлсэн "данс" байснаар үзэсгэлэнгээ төвөггүй босгов.

Харин үзэсгэлэнд тавих хөргөө сонгоход хэцүү байж... Дандаа нэртэй,төртэй, гавьяа шагналтай, зартай, алдартай улсууд...Бас залуу халуун оргилсон доргилсон үеийнхэн...Номондоо, үзэсгэлэндээ шилж сонгох гэж зовжээ. Гэвч мянгаас арав, зуугаас нэг... гэсээр үзэсгэлэнгийн хөргөө эмхлэв. Энэ удаагийн үзэсгэлэнд цөөн хүний хөрөг байгаа ч Д.Цэрэннадмидын архивт мянга мянгаараа нэгэн үеийн хүмүүсийн залуу нас, алдар нэр хадгалаатай. Үзэсгэлэнд очсон үзэгчид өөрийн хөргийн дэргэд дурсгалын зураг татуулж байлаа.

Готовын Аким, Галсангийн Жамьян, Арлааны Эрдэнэ-Очир өөр өөрийн хөргөөө үзэж зогсоно. 1963 оноос хойш гэрэл зурагтай амьдралаа холбож, 55 жилийг үдсэн МОНЦАМЭ-гийн Гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмидийн “Гэрэл зураг, Гэгээн дурсамж” уран бүтээлийн үзэсгэлэнгийн үүд нээлттэй байна.