Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний музей хамтран “Олон Улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан толилуулж буй “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс Эдүгээ” үзэсгэлэн гарлаа.
Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй. Энэхүү түүхээ хүүхэд, залуус, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор эл үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.
Монголын эртний улс болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зоос одоогийн байдлаар илрээд байна. Монголын эзэнт гүрний хаад өөрийн нутаг болон эзэлсэн улс, хотын ард иргэдэд зориулан зоосон мөнгийг олон төрлөөр, их хэмжээгээр алт, мөнгө, зэс, хүрэл зэрэг металлаар цутгуулж байсан нь өнөө цагт түүхийн гэрч, үнэт баримт болон үлджээ. Ингэхдээ нутгийн иргэд зоос мөнгөний уламжлалыг даган хэрэглэж дассан хэллэг, шашин шүтлэг, хээ угалзыг өөрчлөлгүй тусган, хааны нэрийг хүндэтгэн өргөсөн нэрийн хамт хааны удмын тамгатай оруулж монгол, араб, түрэг, хятад зэрэг бичгээр дэлдүүлэн гүйлгээнд гаргаж байв.
Үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.