Халимагийн түүх, соёлын “Өв” сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн Нина Санджариковна Уланова болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд оролцов.

Өдгөө 86 нас сүүдрийг зооглож байгаа Н.С.Уланова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Улаанбаатарт ирээд байгаа юм. Тэрээр Халимагийн нэрт эрдэмтэн, монгол судлаач Очирын Номтын удмын хүн бөгөөд “Өв” санг үүсгэн байгуулсан цагаасаа халимагийн хэл, соёл, түүхийн өвийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж иржээ. Очирын Номт нь 1910 онд Санкт-Петербургт Халимагийн баатарлаг тууль “Жангар”-ыг анхлан эрхлэн хэвлүүлж байжээ.

“Өв” сангийн шугамаар Халимагийн ард түмний олон түүхэн хүндэтгэлт үйл явдлуудыг тэмдэглэж, ОХУ-ын Волгоград мужид Халимагийн алдарт угсааныхан болох Тундутовынхонд зориулан хуучин суварга байсан буурин дээр нь шинээр суварга босгох, буддын шашны буян номын үйлс эрхлэх зэрэг олон ажил хийж ирсэн байна.

Одоо олон улсын хэмжээний буддын соёлын төв байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд түүнд туурга нэгт монголчууд хандив өргөх боломжтойг хатагтай Н.С.Уланова уулзалтын үеэр хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Та бүхнийг хүлээн авч уулзахдаа баяртай байна. Таныг өвөг дээдсийнхээ нутагт ирж, Монгол оронтой танилцаж, хийж байгаа буянтай үйлсээсээ танилцуулсанд баяртай байна. Таны хийж байгаа ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулна. Тодорхой хэмжээнд судалж үзнэ.

Таны Ерөнхийлөгчид өргөн барьсан “Жангар” тууль, алд цагаан хадгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулан өгч, таны сэтгэлийн үгийг хүргэе” гэлээ.

Хатагтай Н.С.Уланова Монгол Улсад ирэхдээ өөрийн өвөг дээдсийн шүтээн болох тугийн бумба /Тугийн зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлж байгаа юм байна. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөрвөдийн хорооны өргөж явсан тугийн зэв нь энэхүү тугийн бумба ажээ.

Хатагтай Н.С.Уланова тугийн зэвийг цагаан хадаг дээр залж, Чингис хааны хөргөөс адис авч хүндэтгэл үзүүллээ.