УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна. Коммунист БНМАУ-ын удирдлагыг огцруулж, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан анхдагчдын гавьяаг үнэлж, төр бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгааг хууль санаачлагч С.Эрдэнэ гишүүн хэлсэн юм.
Хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 24-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлгээс түр завсарлаг авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр 10.00 цагт дууссан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.