“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 22 жолоочид хоёр сая 200 мянган төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Хуучин журмын дагуу өнгөрөгч онд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг хоёр мянга 239 тээврийн хэрэгсэлд олгож байжээ. Уг журмыг боловсронгуй болгож шинэчлэн баталснаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс энэ оны эхний таван сарын байдлаар зөрчилтэй нэг мянга 286 тээврийн хэрэгслийн дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалж, журамд заасан зөвхөн тусгай чиг үүргийн 953 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон аж.