УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ.
Асуулга бүрэн эрхээр нь хүргэж байна:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
Асуулга тавих тухай
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 25.1 хувь болох 261.1 тэрбум төгрөг харилцах дансанд 5.5 хувийн хүүтэйгээр, 10.9 хувь болох 113.6 тэрбум төгрөг нь Төрийн санд хүүгүйгээр байршиж байсан бол Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харилцах дансанд 59.1 хувь буюу 675.9 тэрбум төгрөгт хүрч 80 хувиар өссөн бол хадгаламжийн дансанд 40.9 хувь буюу 466.8 тэрбум төгрөг байгаа нь 29.4 хувиар буурсан талаар дурьдсан байна.
Тус хугацаанд Нийгмийн даатгалын сангийн банкууд дах харилцах дансанд байршиж буй мөнгөн хөрөнгөөс нэг сарын зардлын нөөц болон Төрийн сангийн үлдэгдлийг хасахад 129.7 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой байсан ба ийнхүү хадгаламжид байршуулаагүйн улмаас сар тутамд 1.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг алдаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн банкууд дах харилцах дансанд байршиж буй мөнгөн хөрөнгөөс 3 сарын зарлагын дүн, эрсдэлийн сангийн нөөц болон Төрийн сангийн үлдэгдлийг хасахад 156.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжид байршуулах боломжтой байсан ба байршуулаагүйн улмаас сар тутамд мөн 1.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг алдаж байна. Нийтдээ дээрх сангуудын 285.8 тэрбум төгрөгийн илүүдэл мөнгөн хөрөнгийг шалтгаангүйгээр банкны харилцах дансанд байршуулж байснаас үүдэн сар тутамд 2.2 тэрбум төгрөгийн, 2018 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн бодит орлогыг алдаж, нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулаад байгаа талаар тайланд дурьдсан байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу дараах асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд танд хандан тавьж байна.
Үүнд:
1. Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдаагүй, арилжааны бакны харилцах дансанд их хэмжээгээр ямар шалтгааны улмаас байршуулж, 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн алдагдал хүлээсэн талаар;
2. Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг хэрхэн зөв зохистой удирдаж байгаа болон арилжааны банкинд байршуулахдаа харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хэрхэн хангаж байгаа талаар;
Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацааны дотор бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Танаас хүсье.
Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН