Хос одонгийн эзэн

Саяхан болж өнгөрсөн Хүүхдийн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөж буй 43 ээжид алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулсан бөгөөд тэдний дунд энэ  бүсгүйн нэр багтсанаар Баянхонгор аймгаас  нийслэлийг зорьж ирсэн нь энэ аж.
Б.Баяржаргал эдүгээ 32 настай.  Насыг нь бодвол төдийлөн олон хүүхэдгүй болов уу гэх сэтгэгдэл төрөх хэдий ч, тэр зургаан сайхан хүүгийн хайртай ээж ажээ. Том хүү Х.Эрдэнэбаярыгаа оюутан ахуй цагтаа буюу 2005 онд төрүүл­сэн бол 2012 онд Х.Хос-Эрдэнэ, Х.Хосбаяр, 2014 онд Х.Ихбаяр, Х.Их-Эрдэнэ нарын ихэр хөвгүүдээ төрүүлсэн байна.

Харин өнгөрөгч онд Х.Эрдэнэзаан гэх отгон хүүгээ төрүүлснээр тэднийх ам бүл наймуулаа болжээ. “Бага байхдаа олон хүүхэдтэй болно гэж төсөөлж байсангүй. Өөрөө эхээс дөрвүүлээ болохоор дөрвөн хүүхэдтэй болчихвол зүгээр гэж боддог байлаа. Манайх ихрийн удамтай. Нөхрийн тал ч ихрийн удамтай юм билээ. Манай суманд дараалан ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол байдаггүй” хэмээн тэрбээр хуучлав. Олон хүүтэй айл охин хүсч, харин эсрэгээр олон охинтой айл хүү хүсдэг гэр бүлийн бичигдээгүй хууль байдаг. Гэтэл  бүсгүй нэг ч удаа охинтой болох юмсан гэж бодож байгаагүй гэж хэлэхэд нь яагаад ч юм тун сонин санагдаж байв.

Харин тэр “Эрэгтэй хүүхэдтэй л болох ёстой байсан юм байлгүй. Би өөрөө их эршүүд өссөн. Хамаатан садан, ах эгч нарынхаа эрэгтэй хүүхдүүдтэй их ойр өссөн болохоор тэр юм болов уу. Нэг ч удаа охинтой болох юмсан гэж бодож байгаагүй” гэж хэлэх нь тэр.  Түүнийг ийн ярих зуурт тэрсхэн хөвгүүд нь  элдэв зүйлийг оролдож, зарим нь хоорондоо гар зөрүүлж, дийлдсэн нь нүдэндээ нулимс бөмбөрүүлэн, ирж ээждээ ховлож байв. Харин хамгийн бага нь хоол нэхсэндээ юу, эсвэл нойр нь хүрсэндээ ч тэр юм уу ээж рүүгээ зүтгэн уйлагнах аж.  Б.Баяржаргалын хувьд эл бүх зүйлд аль хэдийнэ дассан гэлтэй. Уг нь тэр сэтгүүлч болох байжээ. Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх  ангийн сурагч байхдаа яруу найргийн “Хүрэл тулга” наадамд оролцож, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд суралцах урилга авч, сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлийг эзэмшсэн байна.  Гэсэн ч, тэр зөвхөн өөрт нь зориулж зурсан амьдралын мөрөөр огт өөр чиглэлээр ажиллах болжээ.

“Олон хүүхэдтэй эх хүнд өвдөх, амрах эрх байдаггүй юм”

Хос одонгоор энгэрээ чимсэн эгэлхэн энэ бүсгүй 2008 онд сургуулиа төгссөнөөсөө хойш төрийн байгууллагад тас­ралт­гүй ажиллажээ. Заг сумынхаа Ерөнхий боловс­ро­лын сургуульд Насан тур­шийн боловсролын нэг­жийн менежерээр 2016 оныг хүртэл, харин түүнээс хойш Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын мэргэжилт­нээр ажиллаж байгаа аж.

Олон хүүхэдтэй айлын эзэгтэй нар ихэвчлэн гэртээ хүүхдүүдээ харж, ажил албан тушаалаасаа хэсэгтээ хөндийрдөг бол түүнд хүүхэд төрүүллээ гээд гэртээ суух, тэр бүү хэл өвдөх ч эрх байдаггүй гэнэ. “Хүүхдийн тоо нэмэгдэх тусам хариуцлага нэмэгдэнэ. Эх хүн гэдэг чинь хүүхдийнхээ тоогоор л санаагаа чилээж суудаг шүү дээ. Ажил хийхгүй л бол энэ олон хүүхдийг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулна гэдэг бэрх. Ялангуяа хөдөө орон нутагт. Бараа бүтээгдэхүүний өртөг өндөр. Хотод зарагддагаас хэд нугарсан үнээр зарагдана. Цалин ч тийм их биш. Нийгмийн бодлогын мэргэжилтнээр Тамгын газар­таа ажилд орсныхоо дараа анхны цалингаа аваад их гайхаж билээ. ЕБС-д ажиллаж байхдаа гар дээрээ арай гайгүй хэдэн төгрөг, дээр нь үр дүнгийн урамшуулал авдаг байсан юм. Харин одоо бол цалин бага ч нийгмийн салбаруудыг бүхэлд нь хариуцаж ажилладаг. Дээр нь банкны зээлнээс зээлний хооронд амьдардаг улс чинь  ажил хийхгүй л бол амьдрахад хэцүү. Ямар ч байсан ажил, амьдралаа зохицуулахыг л боддог. Хүүхдүүдээ хоёр сар хүргээд л ажилдаа орчихдог юм. Ер нь амрах завгүй л ажилладаг даа.

Ажил дээрээ завгүй, гэртээ ирсэн ч хүүхдүүдээ арчлаад завгүй. Олон хүүхэдтэй хүнд амрах, өвдөх ч эрх байдаггүй юм байна. Заримдаа  төрөөс бодлогоор ядаж хүүхдээ зургаан сар хүргээд ажилдаа орох боломжийг олгодог байсан бол гэж бодох үе ч бий. Гэхдээ  тийм боломжгүй учраас цалингийнхаа зээлийг хугацаанд нь төлөхийн тулд зайлшгүй ажилдаа орж л таарна” хэмээн Б.Баяржаргал ярив.  Тэрхэн зуурт үнэхээр ч хоорондоо хоёр насны зөрүүтэй таван балчир хүүхэдтэй эмэгтэй хэдийдээ амарч чадах билээ гэх бодол толгойд зурсхийж байсан юм. Тэр өвдөх ч эрхгүй үр хүүхдийнхээ төлөө ажил, амьд­ралаа зохи­цуулж яваа хүчирхэг ээжүү­дийн нэ­гэн төлөөлөл бай­лаа. Түүний хамгийн их айдаг зүйл нь “хүүхэд өвдөх”.  Ихэр хүүхдүүд нь өвдөхдөө зэрэг уйлж, эхийнхээ сэтгэлийг чилээнэ. Өвлийн улиралд олон нялх хүүхэд нь ханиад, томуу хүрч шаналгана. Тэр бүрт өөрөө оронд нь өвдчихвөл амар байхсан гэж бодох үе ч байдаг гэнэ.

Хамгийн бага хүүгээ тээж байхдаа ядаргаанд орж, ухаан алдан унаж байсан гэдгээ ч биднээс нуусангүй.  Тэрбээр “Хань минь боломжоороо л тусална, дэмжинэ. Чадлынхаа хэрээр л ажиллана. Зэрэг л ажиллахгүй бол болохгүй хойно.  Харин хадам аав, ээж хүүхдүүдийг маань харж өгдөг юм. Бидний найдвартай ар тал болж байдаг даа. Хэдхэн сартай, улаан нялзрай хүүхдүүдийг угжиж, асарна гэдэг хэцүү. Тэгсэн ч, биднийхээ төлөө сэтгэл гаргаж байдаг тэдэндээ маш их баярлаж явдаг” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байв. Түүнчлэн, ажлын хамт олон нь ч түүнийг ойлгож, тусалж дэмждэг гэнэ.
“Байгууллагыг удирдана гэдэг хэр баргийн хүний хийчих ажил биш. Зөвхөн ажлаас гадна ажилтнуудынхаа сэтгэлзүй, ар гэрийн амьдралыг нь  ойлгож, удирдаж чиглүүлнэ гэдэг удирдагч хүнд байх ёстой чанар. Дарга байна гэдэг дарангуйлагч, захирал байна гэдэг захиргаадахын нэр биш гэх үг байдаг. Үүнтэй нэгэн адил манай Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлага, хамт олон минь биднийг ойлгож дэмжиж байдагт нь талархдаг” гэж тэрбээр хуучлав.

“Гэрийн ганц эмэгтэй болохоор эрчүүддээ хүндлэгддэг”

“Тэрсхэн хөвгүүд үймүүлээд хэцүү юу. Ер нь олон хүүтэй байхын сайхан нь, бас хэцүү нь юу байдаг юм бэ” гэж түүнээс асуулаа. Харин Б.Баяржаргал “Эрчүүдтэй амьдрах сайхандаа сайхан. Хэцүүдээ хэцүү. Гэр бүл дотроо ганц эмэгтэй гэдэг утгаар хөвгүүддээ их үнэлэгдэнэ, хүндлэгдэнэ. Эрэгтэй хүүхдүүд угийн хөдөлгөөнтэй байдаг учраас үймүүлэх бол наад захын асуудал. Үүний зэрэгцээ эрчүүдэд нэг онцлог байдаг юм шиг санагддаг. Бүхнийг өөрийн дураар шийдэхийг эрмэлздэг зан чанар манай хүүхдүүдэд их илэрдэг юм” гэж хариулав. Тэрбээр өөрөө ЕБС-д Насан туршийн боловсролын менежерээр нэлээд хэдэн жил ажилласан, мөн түүний хань  Н.Хүрэл-Эрдэнэ нь сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг болохоор ч тэр үү тэд хөвгүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарал тавьдаг аж. Тодруулбал, хүмүүжлийн эерэг арга хэлбэрээр аль болох хэлж ойлгуулахыг эрмэлздэг гэнэ.

Б.Баяржаргалын нөхөр Н.Хүрэл-Эрдэнэ “Би эхнэртэйгээ арван жилийн сургуулийн сурагч байхдаа анх танилцаж байсан юм. Тэр маань Жаргалант сумынх. Харин би Заг сумынхаа есөн жилийн сургуулийг төгсөөд Жаргалант суманд сурахаар очихдоо түүнтэйгээ анх танилцаж, үерхэж билээ. Түүнээс хойш 15 жилийг хамтдаа үдэж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж явна. Эхнэр маань их дайчин зантай. Ажлаа, амьдралаа хамгийн сайнаар зохицуулж чаддаг” хэмээн гэргийгээ магтана. Айл гэрийн аз жаргал гэдэг ийм л гэлтэй. Тэдний хувьд хамгийн жаргалтай мөч нь орой халуун ам бүлээрээ гэртээ цуглаж, ширээгээ тойрч суугаад элдвийг хуучлах тэр л агшин аж.

“Амьдралын минь жаргалтай мөчийн нэг байлаа”

Б.Баяржаргал бага ихрүүдээ төрүүлснийхээ дараа алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонгоо орон нутагтаа авч байсан бол нэгдүгээр зэргийн одонгоо төрийн ордонд авсандаа туйлын их баяртай байгаа аж.  Тэрбээр “Би алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг амьдралдаа нэг л удаа авна. Ахиад өөр одон байхгүй шүү дээ /инээв/. Төрийн ордон руу ороод нэрийг минь дуудахыг хүлээх тэр агшин маш гоё байсан. Догдолж, бас сандарч байсан. Одонгоо авахаар очиход Ерөнхийлөгч танайх чинь дөрвөн хүүхэдтэй биш билүү гэж асуусан.

Манай суманд олон удаа очиж ажилласан болохоор таниж байна билээ. Эх хүн болсных, зургаан сайхан хүү төрүүлснийхээ хувиар алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон авах амьдралын минь жаргалтай мөчийн нэг байлаа. Одонгоо авчихаад гараад ирэхэд нөхөр минь хүүхдүүд, дүү нартайгаа цэцэг барьчихсан төрийн ордны баруун хаалганы гадна зогсч байсан. Өөрөөрөө бахархмаар ч юм шиг. Тэр үеийн сэтгэгдлээ үгээр хэлж чадахгүй байна” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярина.

Хүний амьдрал гэдэг тааварлашгүй оньсого байдаг аж. Хүүхэд байхдаа олон хүүхэд төрүүлж өсгөх талаар огт төсөөлөлгүй явсан эршүүд бүсгүй эдүгээ зургаан сайхан хүүтэй өнөр бүлийн эзэгтэй, халамжит ханийн гэргий болсон байна. Түүнчлэн, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах мөрөөдөлтэй байсан хүн хөдөөгийн буйдхан суманд амьдарна. Амьдрал гэдэг тааварлашгүй, басхүү зааваргүй нэгэн ертөнц байдаг ажээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Б.Даваахүү