“Морин хуурын олон улсын наадам” зургаа дахь жилдээ болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам зохион байгуулагддаг “Морин хуурын олон улсын наадам” билээ.

Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуурч суралцагчид болон багш, судлаач, урлаач, уран бүтээлчид оролцоно.

Тус олон улсын наадам “Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан”, “Морин хуур сонирхогчдын уралдаан”, “Гадаад морин хуурчдын тоглолт”, “Уулзалт-хэлэлцүүлэг”, “Үзэсгэлэн” гэсэн төрлөөр 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар “Дэлхийн морин хуурын холбоо”, дэмжигчээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, БСШУСЯ, Үндэсний урлагийн их театр, Улсын филармон ажиллаж байна.