Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Б.Урангоо охин “Мирал” сангийхны ачаар эрүүл саруул болжээ. Төрөлхийн зүрхний цоорхой гэсэн оноштой ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёрхон настай бяцхан охины эцэг, эхийнх нь цор ганц хүсэл нь түүнийг эрүүл, саруул болгох байж. Монголдоо эмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг сонсч, нойргүй хоносон шөнүүд олон байсан тухай өнөөдөр Б.Урангоо охины ээж бидэнд ярьсан юм. Тэд ЭХЭМҮТ-ийн эмч нарын зөвлөсний дагуу БНСУ-ын зүрхний “Мирал” сангийнхантай холбогдсоноор охин өнөөдөр үе тэнгийнхээ найзуудын дунд тоглож, наадан гүйж явна.
Яг Б.Урангоо шиг эх орондоо эмчлүүлэх боломжгүй төрөлхийн болон олдмол зүрхний эмгэгтэй Монгол хүүхдүүдэд амьдрал “бэлэглэсэн” “Мирал” сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд 14 жил өнгөрчээ. БНСУ-ын зүрхний “Мирал” сангийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2018.07.05/ “Гранд хилл” зочид буудлын хурлын танхимд болов. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, “Мирал” сангийн Дэд захирал Чэ Ён нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Цөөн хүн амтай, эдийн засгийн чадавхи багатай манай орны хүүхдүүдэд тусалж, эрүүл, саруул, аз жаргалтай амьдрал бэлэглэсэн тус сангийн хамт олонд баярлаж байгаагаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм. Монгол орны өнцөг булан бүрт суугаа зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасанд талархаж байгаагаа өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд илэрхийлж байлаа. Нүдэндээ баярын нулимстай алга ташин суух эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ эрүүл энх болчихоод гүйж явахыг нь харах хамгийн сайхан мөч болохыг хэлж байна.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2004 онд зүрхний өвчтэй н.Хонгорзул охиныг БНСУ-д мэс засалд оруулснаар “Мирал” сангийн Монгол дахь түүх эхэлжээ. Хонгорзул охин эдгэрээд зогсохгүй тус сангийн тусламжтайгаар БНСУ-д магистр хамгаалаад эх орондоо ирсэн байна. Тус сангийнхан зөвхөн хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй боловсролд нь ч мөн анхаарал хандуулдагийн жишээ энэ юм. Н.Мөнхтуяагийн хувьд багаасаа бие муутай байсан ч их сургуулиа төгсдөг жилээ зүрхний өвчтэй гэдгээ мэджээ. Улмаар “Мирал” санд материал бүрдүүлж өгснөөр 2015 онд мэс засалд орж, эдүгээ эх орондоо эрүүл энх ажиллаж, амьдарч байна. Энэ мэтчилэн тэд Монгол Улсын 300 орчим хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зүрхийг нь анагаажээ.
“Мирал” сангийн үйл ажиллагаа тэртээх 1987 оноос эхтэй бөгөөд дэлхийн 20 гаруй орны 4000 орчим хүүхдэд тусалсан байна. Тус сангийнхан Казахстан, ОХУ, Монгол, БНХАУ, Энэтхэг, Киргизстан, Вьетнам, Филиппин гээд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан аж. “Мирал” сангийнхан мэс засалд орж эрүүл энх болсон хүүхдүүдийнхээ анхаарч, сурах орчныг бүрдүүлэхэд тусалдаг тухайгаа ч мөн өдөрлөгийн үеэр хэлж байсан юм. Монголын 300 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн “Мирал” сангийнхан дэлхийн бүх зүрхийг цохилуулахаар завгүй ажилласаар...