Ж.Нарантунгалаг Куала Лумпурт Японы тулаанч К.Токүдомэг яллаа

Өнгөрсөн тав дахь өдөр Куала Лумпурт хотноо “One Championship- Pursuit of Power“ тэмцээн болж, холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан тухай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна.

Нар хур жигдэрсэн наадмын өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарал эрийн гурван наадмаас гадна Малайзийн Куала Лумпурт хандаад байлаа. Ж.Нарантунгалагийн хувьд 2016 онд Оросын Гафуровт ялагдсанаасаа хойш 2 жил тулалдаагүй байсан. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд Макаод “ONE Championship: PINNACLE OF POWER” тэмцээнд Филиппиний тулаанч Эдвард Келлиг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялсан билээ. Ингээд ердөө 20 хоногийн дараа Тунгаа дахин рингэнд гарлаа. Өрсөлдөгч нь Японы Казүки Токүдомэ.

Казүки Токүдомэ 31 настай, холимог тулааны хамгийн том холбоо UFC-д тулалдаад үзчихсэн тамирчин. Холимог тулаанд нийт 27 удаа тулалдаж, 18 ялж, 8 ялагдаж, 1 тэнцэж байсан. 2013-2014 онд UFC-д 4 тоглосон. 2015 оноос Японы “Pancrase” холбоонд тулалдаж, 70.3 кг-ийн аварга болж байсан тамирчин юм.

Тулаан мэдээж Тунгаагийн давамгайллаар эхэлсэн. Шахаж дайрсаар үе үе баруун савна. Казүки чац хавьгүй өндөр тул зайнаас үзэх гэж оролдоно. Жүдо, жиүжицүгийн мастер тул Казүки барилдах гэж оролдсон ч манай тулаанч биеэ сайхан суллаад мушгин унагааж, дээр нь гарлаа. Барилдаад ч барахагүй нь гэдгээ япон тамирчин ойлгов бололтой. Эхний үе Тунгаагийн илт давуугаар өндөрлөлөө.

Хоёрдугаар үед Казүки хэвтээгээс тулах гэж оролдсон ч илүүрхэж чадсангүй. Тунгаа түүнийг бярдан, барилдахдаа ч илүү гэдгээ харуулсаар. Тунгаа харин шахаж яваад угтсан цохилтод орж, унасан нь энэ үеийн хамгийн аюултай хэсэг байлаа. Токүдомэ боох гэж оролдоод барсангүй. Япон тамирчны хувьд угтуулж оновол л ялж болох, түүнээс өөрөөр ялах ямар ч боломж байхгүй байв.

Тунгаа хариугаа дор нь авч, баруун савж унагаад минут хэртэй дээр нь нүдэж суусаар үе дууслаа. Бас л манай тамирчны давамгайлал дор 2-р үе өнгөрсөн.

Гуравдугаар үе ч Тунгаа илт давамгайлсаар дуусгалаа. Угсруулж оновчтой цохино, хөлд нь орж дээр нь гарна, тэгээд л цохино. Ийм маягаар явсаар сүүлийн үе дуусахад хэн ялах нь хэнд ч тодорхой байлаа. Тоглолтын дараа Токүдомэ манай гавьяатад сөгдөн мөргөж, хүндэтгэл үзүүлсэн нь ямар хүчтэй тамирчинтай тулсанаа ойлгон, биширснийх байлаа.

Ийнхүү сүүлийн 20 хоногт хоёр ялж, нийт тулааны харьцаагаа 14-5 болгосноор Тунгаа “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх өрсөлдөөнд эргэн ирснээ чанга гэгч нь зарлалаа. Түүний дараагийн өрсөлдөгч хэн байхаас аваргын бүсээ эргүүлэн авах зам хэр урт байх эсэх нь шалтгаална.