Баян-Өлгий аймагт 3 хоног үргэлжлэн орсон борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багуудын 530 айл өрхийн 2512 хүн үерт автагдаад байна.
Дээрх үүссэн цагийн байдалтай холбогдуулан үерийн гамшигийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа бөгөөд цагийн байдалтай холбоотой аймгийн Онцгой комисс з удаа хуралдаж шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа юм.
Тодруулбал: Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Засаг даргын 2018 оны А/533,534 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах”, А/535 дугаа захирамжаар “Үерийн гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад учирсан хохиролын хэмжээг тогтоох”, А/536 дугаар захирамжаар “Үерт автагдсан газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх ” ажлын хэсгийг тус тус байгуулан гамшгаас хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар уулын үерийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг давхардсан тоогоор 18 байгууллагын 551 алба хаагч, 87 нэгж техниктэйгээр тасралтгүй зохион байгуулж, нийт 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлууллаа.
Мөн 43 айлыг нүүлгэн шилжүүлж, 3.9 км үерийн хамгаалалтын далан босгож, хуримтлагдсан усыг зайлуулах шуудуу татлаа.
Түүнчлэн Гамшгийн голомтод нэмэлтээр Баруун бүсийн 4 аймгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч, 4 нэгж техниктэйгээр ирж үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Анхааруулж хэлэхэд 2018 оны 07 дугаар сарын 17-21-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн ихэнх хэсгээр усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.