АТГ-аас өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажил, мөн ХОМ-ийн талаар статистик мэдээлэл өгөв. Мөн тус газар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сард нийт есөн удаа сургалт явуулсан тухай мэдээлэл өгч, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ээлжит хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцов. Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагааны тухайд, тэднийг тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн.
Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг тойрсон асуултын хариуд, АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан.
Энэ уулзалт бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш . С.Баяр өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу л уулзсан гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан бөгөөд МИАТ-ын Захиргаа хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Н.Энхбаатарыг шалгаж байгаа талаарх асуултад, Ямар нэг албан тушаал болон улс төрийн шалтгаанаар шалгаагүй.
Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр шалгаж эхэлж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хэвлэлээр гараад байгаачлан 600 сая төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх зүйл байхгүй. Түүнийг авлига албан тушаалтын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарсан. Өчигдөр баривчилсан гэлээ.