Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны удирдлагын баг өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тэй уулзлаа. Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн Хепатитын өдрийг Монголд тэмдэглэх болсонтой холбогдуулан зохион байгуулах асуудлыг ярилцлаа.
Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ таны энэ удаагийн айлчлалын нэгэн чухал хэсэг болох Дэлхийн Хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээнд энэ сарын 27-ны өдөр та бид хамтран тэмдэглэнэ. Энэ жилийн Дэлхийн Хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээг Монгол Улсад онцлон зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас вируст хепатитын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ болох “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон боломж олгосон ДЭМБ-д, Танд болон Таны манлайлал, чадварлаг удирдлага ажиллаж байгаа Бүсийн төвийн хамт олон, Др.Сергей Диордица тэргүүтэй Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэлээ.
Др.Шин Ён-су ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газраас элэгний В, С вирусын халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсад сайшаан дэмжиж байгааг тэмдэглэн хэлээд Дэлхийн Хепатитын өдрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.