Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газар мэдээлэл хийв. Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.
Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүртгүүлсэн байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 24-ний баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэй зохион байгуулна” гэв.
Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон бол тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орох аж. Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх аж.