Ихэнх нутгаар өвс тэжээлийн гарц сайн байна

ХХААХҮЯ-наас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэх юм. Тодруулбал, аймаг тус бүрт 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар ногдсон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд манай улс жилд нэг сая тонн хадлан бэлтгэвэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үздэг.

Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь зуншлага хэвийн, 30 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь муу буюу бэлчээр тааруу, зуншлага муу гэсэн үнэлгээтэй байсан бол долдугаар сард орсон бороо ган тайлсан учраас ихэнх нутгаар хадлан бэлтгэх таатай боломж бүрджээ. Хадлангийн төв нь газар тариалангийн бүс нутгууд болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай болон Булган, Дорнод, Сүхбаатар аймаг, 9 отрын бүс, хилийн зурвас юм.

Наймдугаар сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадландаа гарч эхэлжээ. Тус аймаг энэ онд 62.800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна.

Харин Ховд аймгийн тухайд зуншлага оройтсонтой холбогдуулан хадлан хадах хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулахаар болоод байна. Ховд аймаг гэхэд 60.000 тонн хадлан бэлтгэнэ. Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Зарим тохиолдолд есдүгээр сарын эхээр хадлан бэлтгэлийн ажил явж, есдүгээр сарын 15-н гэхэд хадлангийн ажлын дүн гарна гэж тооцжээ. Өнөөдрийн байдлаар 36 мянган га талбайд малын тэжээл тариалсан. Орон нутгийн иргэд, бэлчээр ашиглагчдын хэсгүүдэд тэжээл тариалах боломжоор хангаж байгаа юм.

Хадлан, тэжээлээ амжилттай авч, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахын тулд орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг БОАЖЯ, Хил хамгаалах ерөнхий газраас авахыг Аймгийн Засаг дарга нарт зөвлөж байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцна.

Түүнчлэн хадлан бэлтгэх газар, нутгийг малчид, иргэд, ААН-үүдэд тэгш хуваарилан, говийн болон бусад аймагт хадлан бэлтгэх газар, нутаг олгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аймаг, сум бүр дотоодын хэрэгцээний өвс, тэжээлийг бэлтгэхээс гадна улсын аюулгүйн нөөцийг бэлтгэхэд оролцох үүрэгтэй.

Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авах өвсний чанар, жин, нягт зэрэгт онцгой анхаарч, ногоон буюу 1 дүгээр зэргийн, 18-20 кг-аас доошгүй жинтэй, өндөр нягтралтай боосон өвсийг нөөцлөх нь зүйтэй юм. Малчид, мал бүхий иргэдийн тухайд өвөлжих, хаваржих бэлчээрийн малдаа зориулж, өөрсдийн хүч боломжоороо хадлан, тэжээл бэлтгэн, малаа ус, хашаа байраар хангаж, байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Малын арчилгаа, маллагаандаа онцгой анхаарч, тэжээллэгийн технологийг мөрдөж ажиллахыг уриалж байна.

1961 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 32 байсан бол 2017 онд 99 болж бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгджээ. Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас өвөл, хаврын улиралд мал өлдөх эрсдэлтэй тул тогтоосон хэмжээний өвс, тэжээлээр хангах ёстой.

Адуу өдөрт биеийн жингийн 2, үхэр 3, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг Аймаг, нийслэлийн ХХАА-н газрууд малчид, мал бүхий этгээдүүдэд зөвлөх хэрэгтэй. Хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний 5 хувь, адууны 3 хувийг нэмэгдэл тэжээлд оруулах нь зүйтэй. "Гар аргаар тэжээл бэлтгэх аян" өрнүүлж, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх үүргийг Аймаг, нийслэлийн ХХААГ хүлээж байна.