Азечи Саданори: Лагийг биологийн аргаар бордоо болгон ашиглаж байна

Улаанбаатарчуудын толгойн өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үмхий үнэрийг арилгахаар тал бүрийн арга хэмжээг авдаг ч түр зуур аргацаагаад өнгөрдөг. Харин 60 жилийн турш хуримтлагдсан энэхүү лагийн үнэрийг ор мөргүй арилгахаар “Эко Тайхи ” ХХК ажиллаж байна. Тодруулбал, Япон улсын эрдэмтэн Азечи Саданоригийн гаргаж авсан органик бактерийг модны үртэстэй хольж лагийг бордоо болгох ажил хийгдэж байгаа юм. Энэ тухай Япон улсын эрдэмтэн Азечи Саданоригоос зарим зүйлийг тодруулсан юм.

 -Монгол Улсыг яагаад сонгож энэхүү төслийг эхлүүлсэн юм бэ?

 -Одоогоос 10-аад жилийн өмнө “Эко тайхи” компанийн зүгээс ХААИС-д сурдаг долоон монгол оюутан манай улсад дадлага хийлгэсэн. Тэдгээр оюутнууд Хөдөө аж ахуйн нийгэмлэг, хот болон манай компанид дадлага хийсэн. Ажилсаг хичээнгүй оюутнууд байсан юм. Тэр байдал нь надад маш их таалагдсан. Ингэж анх Монголчуудтай холбоотой ажиллаж эхэлсэн дээ. Тэгээд хэдэн жилийн өмнө Жайкагаас хотын ойр орчимд үнэртэх малын өтөг бууцны үнэрийг дарах ажилд тендер зарласан. Миний хамгийн сайн хийдэг ажил бол бордоо хийх. Тэр дундаа малын өтөг бууцыг бордоо болгох, үнэргүйжүүлэх. Тиймээс энэ тендерт оролцохоор шийдсэн. Тендерт оролцож байсан бусад компаниудын хувьцаа нь хөрөнгийн биржид гарчихсан том компаниуд байсан. Гэхдээ манай компани шалгарсан. Манай компанийг сонгосон нэг л шалтгаан байсан. Фүкүшимагийн дэлбэрэлтээс болж далайгаас ялзмаг, далайн хог хаягдал ихээр гарч тариа, будаа, ногооны талбайг бүрхсэн. Тухайн үед компаниуд ялзмаг хог хаягдалыг хуулж авна гэж байсан. Харин манай компани хуулж авалгүйгээр байгаа чигээр нь янзлана гэсэн саналыг хүргүүлсэн. Ингээд манай компани үүнийг хийж, их хэмжээний мөнгө хэмнэсэн. Үүний дараа миний арга технологи Япон даяар танигдаж одоог хүртэл ашиглаж байгаа. Надад тийм туршлага байсан учраас Жайка намайг сонгосон байх. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд хотын төв болоод Баруун Туруу руу өдөр бүр явдаг байсан. Үмхий үнэртсэн замаар л явдаг байсан даа. Харин Жайкайтай хамтарсан төслийн хугацаа дууссаны дараахан “Эко Тайхи” компанитай Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламж”-ийн үнэрийг хэрхэн дарах талаар ярилцаж, энэхүү төслийг эхлүүлээд явж байна.

-Хамгийн анх Төв цэвэрлэх байгууламж дээр ирж танилцахад ямар байсан бэ. Үнэр дарах ажил хийгдсэнээс хойш ямар болсон бэ?

-Маш их үнэртэй, хэцүү байсан. Улаанбаатар хотын Төв цэвэрлэхийн лагтахуйн хаягдалаас гадна арьс ширний, үйлдвэрийн гээд ахуйн хонг хаягдалууд их байсан. Бусад улс оронд ахуйн болон үйлдвэрийн хог хаягдалыг тусад нь ялгаж хаядаг. Гэвч Монголд Төв цэвэрлэх байгууламжийн ачаалалаас хамааран бүгд холилдсон байсан. Тухайн үед яах гэж энэ төслийг авав даа ч гэж бодож байсан. \инээв\ Дээр үед Япон улсад бохирын ус гээд үмхий ус гардаг байсан. Тэр усыг алс хол далайд аваачиж хаядаг байсан. Одоо ч больсон л доо. Монгол Улсын хувьд Төв цэвэрлэх байгууламж нь хот дотор, зөөвөрлөх боломжгүй. Ус нь ихсээд байх тусам үнэр нь улам нэмэгдээд л байсан. Гэхдээ бид хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бактерийг модны үртэстэй хольж лагруу хийсэнээр ямар нэгэн үнэргүй эко бордоо болон хувирч байгаа юм.

-Та одоо хэрэглэж байгаа бактерийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Би малын ялгадасыг ашиглаж эрчим хүч гаргаж авах, бордоо болгох арга барилд суралцсан. Гэхдээ би бордоо хийж чадсан ч үнэрийг нь дарж чадаагүй. Тухайн үед Тэхүй гэдэг аймгийн Такаяама гэдэг газарт бордоогоо хийдэг байсан. Энэ тэндээс янз бүрийн л бактери авчирч туршилт хийдэг байлаа.

Одоогийн хэрэглэж байгаа вакирус гэдэг бактери нь 127 төрөл байдаг. Энэ олон төрлөөс хэд дэхь бактерийг нь авч хэрэглэснийг мэдэхгүй ч бордооныхоо үнэрийг дарчихсан. Тэр үед надад Окояамагийн их сургуулийн профессор багш -20 градусаас илүү хүйтэнд тэсэх бактери гаргаж авахгүй бол ямар ч нэмэр байхгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд Японы хамгийн хүйтэн газар Хокайдо руу очсон. Эхний үед туршилтаа хийхээр Такаяама Хокайдо хоёрын хооронд явж ажилладаг байсан. Энэ үед гашуун түүх сургамж ч байгаа. Хокайда Такаяамгийн хооронд явж байх үед хоёр ч удаа бактериа үхүүлж байсан. Үүний дараа үйлдвэр дотроо котейнерт ор засаад амьдарч эхэлсэн дээ.

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг хэдий хугацаанд бордоо болгож дуусгах вэ. Хүнсний бордоогоор ашиглаж болох уу?

-Бордоог аль ч талаар ашиглаж болно. Ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Бордоогоор ой моджуулах, хөрс нөхөн сэргээх, газар тарилангийн алинд нь ч ашиглаж болно. Миний хувьд ойжуулах мод тарихдаа ашиглаасай гэж хүсч байна.

 

18 Сэтгэгдэлүүд

Comments are closed.