ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Цаг үеийн асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа, "Ерөнхий сайдын зүгээс ард иргэддээ хандаж хоёр зүйл дээр мэдэгдэл хийх нь зүйтэй гэж энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. 2018 оны наймдугаар сарын 9-ны 21 цаг 45 минутын үед ЗТХЯ-ны гадаа тус яамны Төрийн захиргаа удирлагын газрын дарга М Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Г болон холбогдох албаны хүмүүс архи уун хоорондоо маргалдсаны улмаас Г-ийн амь нас эрсдсэн ноцтой хэрэг гарсныг ард иргэд мэдэж байгаа. Тиймээс талийгаачийн ар гэр, үр хүүхдүүд, ах дүү, хамаатан саднуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Мөн дээр нь Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд 300 метрийн орчим газарт байгалийн онц үзэгдэлт ус үерийн аюул болж, төмөр замын суурь бүтэц эвдэрсэний улмаас Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явж байсан нэг зүтгүүр, тээшний 2 вагон, зорчигчдын 3 вагон замаас гарч осол аваар гарлаа.

Уг вагонд нийт 328 зорчигч явж байсан. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын үүд -Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33 вагон хэвийн явж өнгөрсөн. Харин 20 минутын дотор хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж зам эвдэрсэн. Үүний араас галт тэрэг орж осол болсон байна. Вагонд явсан хүмүүсийн биеийн байдлыг холбогдох албаны хүмүүс хяналтандаа авч, аймаг орон нутгийн эмнэлэг, Онцгой байдлын алба ажиллаж, 88 хүнийг эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн. Хоёр хүний биеийн байдал хүнд байна гэсэн мэдээлэл ирсэн.

Сэргээн босгох үйл ажиллагаа явагдаж байна. УБТЗ -ын Сэргээн босгох анги, ОХУ -ын төмөр замын Сэргэн засварлах техникийн баг хүрэлцэн ирж, үерийн улмаас бий болсон гамшгийг сэргээн босгож төмөр замын үйл ажиллагааг хэвийн байлалд оруулахаар ажиллаж байна. Бидэнд ийм хүнд эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ харамсч байна. Хүний эрдэнэт амь эрсэдсэн явдалд Монголын нийт ард иргэдийнхээ өмнөөс Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиас болон Засгийн газраас гүнээ харамсч байгаагаа илэрхийлэн ард иргэдээсээ уучлалт хүсч байна.

Засгийн газраас хоёр зорилтыг дэвшүүлэн тавьсан. Нэгдүгээрт нийгэм, шударга ёсыг бэхжүүлэн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн. Хоёрт Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах ажлыг зохион байгуулахад анхаарч байна. Хоёр дахь зорилт маань ханган хэрэгжиж байгаа.

Улсын маань эдийн засаг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авахад 1.2 хувийн өсөлттэй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлын үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрсэн. Энэ намар эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрэх хүлээлттэй байна. ОУВС тав дахь удаагийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн. Эдийн засаг сэргэх аятай таатай нөхцөл бүрдээд байна. Олон жил яриад хийж чадаагүй Цэвэрлэх байгууламж, Тавантолгой, автозам төмөр зам, сургууль цэцэрлэгийн ажлууд хэрэгжээд явж байгаа.Үүнтэй зэрэгцэн бидэнд дутагдал гарлаа.

Эрдэнэт хүний амь нас эрсдлээ. Монгол Улсын төрд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар архидан согтуурч, бие, биенийхээ аминд хүрсэн нь үнэхээр харамсалтай зүйл боллоо. Сахилга хариуцлага дэг журмыг шат, шатандаа бэхжүүлэх шаардалагатай байгааг энэ үйл явдал тод томруунаар харууллааШат шатанд сахилга хариуцлага бэхжүүлэхэ чиглэлээр хатуу анхаарч ажиллах ёстой гэдгийг дахин мэдэрлээ. Тиймээс ЗТХЯ-ыг удирдаж байгаа удирдах түвшний сайд болон дэд сайд, ТНБД, холбогдох газрын дарга нарыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Сайд УИХ-аар томилогддог тул энэ асуудал Парламентаар эцэслэн шийдэгдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон гүйцэтгэх болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөгдөх тухай хувийн өргөдлөө өгснийг онцолж хэлмээр байна "гэж мэдэгдлээ.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлхөөр боллоо. УИХ-аар ЗТХ-ийн сайдын асуудлыг шийдэх хүртэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхийг даалгажээ.