Үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг “Ардчилсан оюутны холбоо” өнөөдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэх ёстой бөгөөд энэ сарын 22-нд тус холбооноос дахин хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг, эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгааг энэ үеэр “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11.900-19.200 төгрөгөөр, ШУТИС 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Мөн 2014-2017 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байдлыг “Ардчилсан оюутны холбоо”-оос судлахад МУИС хамгийн их буюу 69.6 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар тус тус сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн үзүүлэлт гарсан байна.
Үүний зэрэгцээ жил бүр 15 мянган оюутан дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг төдийгүй сургалтын төлбөрийг дагаж үнэ нь нэмэгддэг байна. Мөн жил бүр их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулдаг бөгөөд үнэ, тарифын тогтсон стандартгүй байгааг ч сануулж байлаа.
Энэ мэтчилэн далд хэлбэрт шилжсэн мөнгө угаах явдлыг хянаж, шалгах, сургалтын төлбөр нэмэгдсэнээр тухайн сургуульд ямар өөрчлөлт гарч байгааг гэрчлэх цаг нь болсныг “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин огт нэмэгдээгүй төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байгаа нь харьцангуй үзүүлэлт гэв.