Баян-Өлгийд болсон үерийн улмаас 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллав. Ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар багтсан байна.

Ажлын хэсгийнхэн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, долоодугаар сарын 14-17-нд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл сонсчээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан ”Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна. Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчим өрх орон байртай болсон. Үерт нэрвэгдсэн өрхүүдэд зориулан Өлгий сумын 10 дугаар багт 250 өрхийн хэрэгцээнд нийтдээ 15 га газрыг шинээр хуваарилаад байна. Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143.5 га талбайн лааг, шаврыг зайлуулж, цэвэрлэгээний ажил 72.5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61.7 хувьтай байна” хэмээн мэдээлсэн.

Мөн тэрбээр гамшгийн үеэр гарсан 762.4 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, үер буусан газарт шинээр худаг, цахилгааны шугам татах, Өлгий суманд далан барихад зориулж 2018-2019 онд төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжилсан байна.

Харин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газар, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгсөн тусламжийг хохирсон иргэдэд шуурхай хүргэх, энэ талаар иргэдэд ил тод мэдээлж байх, зарим зардлыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран шаардлагатай бүх арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон аймгийн онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрүүл мэнд, нийтийн аж ахуй зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагч нарыг шагнаж урамшуулсан байна. Мөн үер, усанд автсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай газар дээр нь танилцжээ.