Тиймээ бид ДОХ-оор өвчлөхгүй байх түлхүүр нь бидний гарт л байгаа гэдгийг та бид алхам тутамдаа боддог, мэддэг байх нь хамгаас чухал асуудал болоод байна. Бидний эрүүл байх хүсэл эрмэлзэл, эрүүл байх иргэн хүний үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн мэдлэгээс зайлшгүй шалтгаалдаг. ДОХ-ын халдвар нь удаан явцтай өвчний тоонд ордог бөгөөд халдвар авснаас хойш өндөр идэвхитэй вирусын эмчилгээ хийгээгүй тохиолдолд хоёроос арван таван жил дунджаар амьдарч болдог. ХДХВ нь зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй CD4+Т рецепторыг агуулсан бүхий л эсийг гэмтээж, улмаар хүний дархлааг бага багаар сулруулсаар дархлаагүй болгодог. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх явц нь зургаан сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй эрүүл хүн шиг байх боловч, бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үеийг хардвартай үе гэж үздэг. Халдвар авсан хүний дархлалын эсийн тоо тодорхой хэмжээгээр буурч, систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, шөнөд хөлөрдөг, ядрамтгай, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болж, хүзүү, суга, цавины булчирхай томрох, амьсгаадах, хуурай ханайлгах шинж тэмдгүүд илэрэхийг ДОХ-ын шатанд орлоо гэж үздэг. Дархлаа суларсны улмаас уушигний үрэвсэл, сүрьеэ, хорт хавдар зэрэг хүнд өвчнүүдийн шинж тэмдгүүд илэрч 1-2 жилийн дотор нас бардаг. Тэгвэл бид энэ аюултай өвчнөөс хэрхэн хамгаалах вэ гэхээр ХДХВ/ДОХ нь бэлгийн замаар буюу халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох, цусаар буюу халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх, халдвартай эхээс хүүхдэд буюу жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжих хэлбэрүүдээр халдварладаг гэдгийг анхаараарай. Гэхдээ үүнээс бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварын 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн судалгаа байгаа. Олон улсын судалгаанаас харахад эхийн сүүгээр халдварласан тохиолдол нийт халдварын 12-20 хувийг эзэлдэг байна. Халдвартай эхээс эхийн сүүгээр дамжуулан хүүхэд халдвар авахаас гадна халдвар авсан хүүхдээс эрүүл эх халдварласан тохиолдол байдаг байгаа юм.
Тиймээс иргэний үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, ХДХВ-ийн ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилааг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын тусламж үйлчилээг эрүүл мэндийн бусад үйлчилгээнд нэгтгэж, уялдуулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, ХДХВ-тай тэмцэх, сэргийлэхэд зориулагдах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр Монгол Улсад ХДХВ/ДОХ-той хүмүүст үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээ зуун хувь үнэ төлбөргүй ч өвчилсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал байна. Үүний тулд эрүүл иргэдэд чиглэсэн ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах хэрэгтэй байна. Түүнчлэн эрсдэлт бүлгийн буюу хар тамхичин, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд оролцогсод, хараа хяналтгүй өсвөр үеийнхэн, биеэ үнэлэгчид, ялтангууд гэх хүмүүс рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ нэн яралтай өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц арга хэмжээнүүдийг тууштай, олон улсын стандартын дагуу авах шаардлагатай байгааг эрхэм дарга нарыг буюу төрийн анхаарлаа хандуулан ажиллахыг шаардах цаг аль хэдийн болоод байна. Дан ганц төрийн бодлого гэхээсээ илүү дэлхий нийтээрээ энхэүү халдварт өвчинтэй тэмцэж байгаа өнөө үед хэн боловч ДОХ-ын сайн дурын шинжилгээнд хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалах иргэний зоригтой байхыг уриалж байна. ДОХ-оор өвчлахгүй байх түлхүүр нь таны, миний гарт байгааг дахин санаарай.