Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талыг төлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байсныг 320 мянган төгрөг болгон нэмж буйг мэдээллээ.
“Энэ нь хэдийгээр хоёр жил тутамд нэгээс доошгүй шинэчлэх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу авч буй арга хэмжээ ч үүнийг 9-р сарын 1-ний өмнө хичээл сургууль эхлэх үеэр ингэж яаран зарлах нь хэр зохистой вэ, үнийн хөөрөгдлийг бий болгох эрсдэл дагуулахгүй юу?” гэсэн асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо инфляцийн түвшин, цалингийн дундаж харьцаа, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн байдал зэрэг 3-4 хүчин зүйлийг харгалзан үзэж, зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмж, НДШ, ЭМД-ын хураамжтэй холбоотойгоор зарим зохицуулалт хийдэг учраас энэ бүхнийг харгалзан иргэдэд цаг тухайд нь мэдээлэл өгөх үүднээс, мөн 2019 оны төсвийн төсөл боловсруулж төсөв хэлэлцэхээс өмнө шийддэг, зайлшгүй шаардлага байгаа учраас бид энэ талаар мэдээлэхээс аргагүй. Энэ нь төсвийн ажилтнуудын цалин хөлстэй холбоотой биш юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тодорхой боловсрол, тухайлсан мэргэжил шаардахгүйгээр хөдөлмөр эрхэлж, энгийн ажил хийж буй хүмүүст хамаарах цалин хөлсний хамгийн доод хэмжээ юм.
Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг” гэсэн хариуг өгсөн бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ. Бүх ААН ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаж байгаа юм. Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгч чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Тиймээс залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Бид судалгааны үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон” гэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилж буйтай холбоотойгоор төсвийн буюу төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар хөндөхөд салбарын сайд, “Яг энэ асуудлаар гурван тал өнөөдөр 16.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна. Өмнө нь мэдэгдсэнчилэн ОУВС-тай зөвшилцсөний дагуу төрийнхний цалинг YI улиралд багтаан нэмэх байр суурьтай байгаа. Энэ 7 хоногт хэлэлцэж дуусаад Засгийн газарт оруулна” гэв.
Тодруулга: Хөдөлмөрийн хөлсний шинэчилэн тогтоосон доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2000 онд 24.603 төгрөг байсан бол 2002 оноос 30.000, 2004 онд 40.000, 2005 онд 42.500, 2006 онд 53.000, 2007 онд 69.000-80.000, 2007 оны сүүлчээс 108.000, 2011 онд 140.000, 2013 оноос зөвхөн цагаар, 2016 оноос 240.000 төгрөг болж байв.
Эх сурвалж: montsame.mn