Гандантэгчэнлин хийдээс олгож буй тусламжийн цуваа Баян-Өлгийг зорилоо

Өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас орон гэргүй болсон Баян-Өлгий аймгийн иргэдэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тусламж үзүүлэхээр болов. Өнөөдөр тус хийдээс тусламжийн цувааг Баян-Өлгий аймаг руу хөдөлгөлөө.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон гамшгийн үеэр 300 гаруй өрх орон гэргүй болсон бөгөөд иргэдэд туслах аян орон даяар үргэлжилж байна. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулиийн буддын сүм хийдүүд иж бүрэн 10 монгол гэр, гурил будаа, цай, хүнсийг Баян-Өлгий аймгийн Раш Гэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүүд гардуулж өглөө.

Баян-Өлгий аймгийн Гэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүү хэлэхдээ, “Энэхүү хандивын гэр, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж аваагүй иргэдэд хүргэнэ. Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, ТББ-ын хандиваар 110 өрхөд гэр олгоод байна. Цаашдаа байгалийн гамшигт өртсөн иргэдэд хандивын үйл ажиллагаа цуглуулах аян үргэлжилнэ” гэв.

Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, “Манай хийд жилийн дөрвөн улиралд хандив тусламжийн аян өрнүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд байгалийн гамшигт нэрвэгдсэн орон нутаг, хүнд нөхцөл байдалд амьдардаг айл өрхүүдэд тусалдаг. Энэ удаа бид Баян-Өлгий аймагт болсон үер усны улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлж байна” хэмээн онцоллоо.