УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох эсэх тухай шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралдаанаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19,2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа. Харин улсад учирсан хохирол болох 972.448.955 төгрөг Бэрэн групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Тухайн үед Бэрэн группийн барьсан орон сууцнаас 123 орон сууцыг тендэр зарлалгүйгээр худалдан авсан нь улсад ийнхүү хохирол учруулсан хэмээн үзэж дээрх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.