Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж, Мал эмнэлгийн Ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор байгуулсан.
Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймаг бүрт Аймгийн Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн газар байгуулж, сум, дүүрэгт байх Мал эмнэлгийн үржлийн нэгжийг "Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг" болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Сум, дүүрэгт Хөдөө аж ахуйн болон Мал эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдэнэ. Малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион байгуулах нэгдсэн бүтэцтэй болж байна. Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй, цаашид боловсон хүчнээ чадавхижуулж дахин сургахад анхаарч ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдэв.