Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13:30 цагт хүртэл хойшлуулсан.
Учир нь шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул шүүх шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, мөн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч хариуцагчийн талаас хүсэлт гаргаж завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн талаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд хурлыг есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлууллаа.