Евразид ховорт тооцогдох археологийн олдворуудыг дэлгэлээ

Монголын Үндэсний музейн судлаачид Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар өнөөдөр танилцууллаа.

Монголын Үндэсний музейд болсон хэвлэлийн бага хуралд оролцсон музейн захирал Д.Сүхбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, секторын эрхлэгч, археологич, антропологич Ц.Одбаатар, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Н.Төрбаяр, Германы Максбланкийн хүрээлэнгийн ажилтан Вильям Тайлор нарын судалгааны багийнхны дуулгаснаар 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газарт малтлага явуулж судалсны үр дүнд 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс 16-г малтсанаас олон тооны хөмөгт оршуулга илэрчээ. Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлс ижил байх нь ажиглагджээ.