Жил бүрийн есдүгээр 15-ны өдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Энэ өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд өнгөрөх бус хэлмэгдлийн үнэн төрх, бодит байдлыг хойч үедээ ойлгуулан, таниулах нь чухал. Тиймээс ч Хэлмэгдэгсдийн өдрийг угтан манай редакцид ирүүлсэн нэгэн захидлыг сийрүүлэн хүргэж байна.
Баян-Өлгий аймгийн иргэн Хинаят овогтой Махидолда хэлмэгдэж явсан түүхээ хуваалцсан юм. Түүнийг үнэнч, шударга байсных нь төлөө ихээхэн дарамт, шахалт үзүүлж, мунхруулагч хэмээн цоллож байжээ. Тэр ч бүү хэл тухайн үеийн орон нутгийн удирдлагууд бусдыг мунхруулсан, шашин сурталчилсан гэх хэрэгт гүтгэж, Ю.Цэдэнбал даргад матаж, “Үнэн” сонинд донгодож байсан гэдэг. Улмаар 1971 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Үзэл суртлын газрын дарга К.Хамза, прокурорын дарга А.Буран, цагдаагийн хэлстийн дарга А.Намдаг, төлөөлөгч н.Гомбосүрэн, М.Хухан, Толбо сумын орлогч дарга Г.Табел нар гэр оронд нь дайран орж, эд хөрөнгийг нь хурааж, түүнийг хоёр сар баривчлан хорьж, 73 настай ээжийг нь ганцаар үлдээжээ. Улмаар түүнийг цэрэгт татаж, гурван жил огт чөлөө олгоогүй төдийгүй энэ хугацаанд ганцаараа үлдсэн ээж нь маш их зовлон үзэж, нас барсан байна.
Тэрбээр “Османы үлдэгдэл” , “Эсэргүү” хэмээн цоллогдож, хилс хэрэгт гүтгэгдэж амьдарчээ. 1978 оны тавдугаар сард Ү.Ахынбаба гэгчтэй хамтран Казахстан улсад хандан захидал бичсэнээс болж, дахин эрүүдэн тамлуулжээ. Тэр ч бүү хэл Казахстан улс руу захидал бичсэнийхээ төлөө 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх шахсан байна. Түүнийг 1982 онд мөн л хоёр сарын турш баривчлан хорьж, эрүүдэн шүүж тамласан тухай захидалдаа дурджээ. Сурагч байхад нь чулуугаар мэргэлж, шашин, түүхийн талаар бусаддаа ярилаа хэмээн өвлийн хүйтэнд мөсөн дээр зогсоож, шийтгэдэг байснаас болж бие нь өвддөг болсон гэдгээ ч мөн захидалдаа бичсэн байна. Удаа дараагийн гүтгэлэг, доромжлол, эрүүдэн шүүлт түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүхэлд нь өөрчилсөн гэдэг. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал эхэлснээр тэрбээр шашин, түүхээ ярих, эцэг, өвгөдөөс сурсан чулуун мэргээрээ ойр дотныхондоо туслах эрх чөлөөг олж авчээ.
Тэрбээр захидлынхаа төгсгөлд “Ингэж МАХН 90 жил бусдын амьдралаар тоглосон юм” гэжээ.