70 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна

НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхийй “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажилласаар байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8622 хүрээд байна. Мөн 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээд байна” хэмээн онцлов.