2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.
Энэ сарын 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна.
20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.