-Ургац хураалтын явц 30 орчим хувьтай байна-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллаж, ургац хураалтын байдалтай танилцлаа. Орхон, Сэлэнгийн бүсийн орон нутгийн удирдлагууд болон газар тариалан, ААН-ийн захирлуудтай тариалангийн талбай дээр нь уулзалт хийсэн бөгөөд Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Хушаат, Сант, Орхон, Орхонтуул, Сайхан сумын сумын Засаг дарга нар болон тариалан эрхлэгч 60 гаруй ААН-ийн төлөөлөл оролцов.
Одоогийн байдлаар ургац хураалт 20 гаруй хувьтай явж байна, 1 га-гаас дунджаар 20 центр хураалт хийж байна. Энэ жил усалгаатай талбайгаа өнжөөсөн. Эрчим хүч, болоод бензин түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан ургац хураалтын зардал өндөр гарч байгаа талаар тариаланчид голлон хэлэв. Уулзалтын үеэр “Гэгээлэг Трейд” ХХК-ийн захирал Ц.Чулуун “131 тогтоолын хэрэгжилтийн тухайн шат бүрт нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тогтоолын хэрэгжилтийн талаар Сэлэнгэ аймагтай холбоотой асуудлуудыг чухалчлах хэрэгтэй” гэв. Мөн “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж. Авирмэд "Шатахуун, техник, сэлбэгийн үнэ жил ирэх бүр нэмэгдэж байна, харин үнэ улаан буудайны үнэ нь нэмэгддэггүй сая яамнаас 1 тонн улаан буудайг 560,000 төгрөг гэж зарласан харин гурилын үйлдвэрт буудайгаа 360-400 мянгын хооронд үнээр өгдөг. Энэ зардлуудын өсөлтийг буудайны үнэ нөхөж чадахгүй болж байна. Үүнд бодлого хэрэгтэй байна.Буудайныхаа үнийг нөхөж дийлэхгүй байна ”гэх мэт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та ургац хураалтын байдалтай танилцлаа. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Тариаланчдын хувьд УИХ, Засгийн газраар шийдүүлэх тулгамдсан олон асуудал байна. Энэ жил ургац дажгүй. Хавар бороо ороогүй, хуурайшилттай байснаас болоод зарим нутгаар тарианы болц удаан, түүхий байна. Үүнтэй холбоотойгоор хүндрэл үүсч, тариа хураалт оройтох тал руугаа хандаж байна.
-Тариа хураалт оройтож байгаа нь тариаланчдын санааг зовоож байгаа байх?
-Өнөөдрийн байдлаар ургац хураалт, Орхон-Сэлэнгийн бүс буюу зөвхөн манай тойргийн хэмжээнд 20 гаруй хувьтай байна. Сүүлийн үед бороо их орсон, тариа нойтон нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ тариаланчид өнөөдөр нарлаг өдрүүдийг ашиглан эрчимтэй ажиллаж байна. Сэлэнгэ бол тэр чигтээ ажлаар буцалж байна.
-Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 131 дүгээр тогтоол өнгөрсөн хавар батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийн талаар?
-Газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоох Засгийн газрын 131 дүгээр тогтоол гэж гарсан. Үүний хэрэгжилттэй холбоотойгоор шүүмжлэлтэй асуудал үүсч байна.Тогтоол өнгөрсөн тавдугаар сард гарсан боловч бодитоор хэрэгжиж байгаа ажил байхгүй. Хийгдэж эхэлж байгаа ажлууд нь бизнесийн чиглэл рүү явчих гээд байна уу гэсэн асуудал тариаланчдын дунд их байна. Энэ асуудлаар бид тусад нь Засгийн газарт санал бодлоо хүргүүлнэ.
-Бизнесийн тал руу гэдгийг та тодотгооч?
-Төр бизнес рүү орж бодлогын алдаа гаргаж байна. Газар тариалан эрхлэгчдийн хийх ёстой бизнес рүү дэндүү их орж байгаа нь үйл ажиллагааг нь сааруулж, ойлгомжгүй болгож байна гэсэн шүүмжлэл их гарч байна.
-Тариа хураалттай холбоотойгоор гарч буй хүндрэлүүд байгаа бололтой. Мөн ургац хураалтын байдал удааширч байгаа талаар та дээр дурдлаа?
-Байна. Ялангуяа үнийн өсөлт. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор тээврийн зардлаас эхлээд ургац хураалтын өртөг гарч байна. Нөхцөл байдалтай уялдуулсан үнийн зохицуулалт, шинээр үнэ тогтоогдоогүйгээс болж асуудал бүрхэг хэлбэр рүү орсон байна. Ялангуяа өнөөдрийг хүртэл буудайгаа ямар үнээр авах вэ гэдгийг гурилын үйлдвэрүүд болон Засгийн газраас ямар нэгэн шийдэл гараагүй учраас тариаланчид итгэсэн гурилын үйлдвэрүүддээ дараа нь тохирчихно гэсэн байдлаар будаагаа тушааж байгаа жишээ мөн байна. Хамгийн гол нь стратегийн бүтээгдэхүүний үнэ өсч, өртөг нэмэгдэж байгаа нь гурил будаа талхны үнэ хэрхэн нэмэгдэж,иргэдийн нуруунд яаж тусах нь ойлгомжгүй байж болохгүй. Үнийн өсөлтийн хэрээр талх, гурилын үнэ нэмэгдэх юм бол иргэдийн амьдралд нөлөөлнө. Тиймээс улсаас үнийг тогтвортой байлгах татаас, урамшууллын асуудлыг бодлогын хэмжээнд шийдэх шаардлагатай байна гэж харж байна. Энэ бол зайлшгүй яригдах ёстой сэдэв мөн. Түүнээс гадна энэ жил болон өнгөрсөн жил үр тарианы компаниудын оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлсөн боловч гаалийнхнаас чөлөөлөөгүй учир өртөг өсөх бас нэгэн шалтгаан болж байна гэдгийг тариаланчид хэлж байна. Гэх мэт УИХ, Засгийн газраар шийдүүлэх хуримтлагдсан олон зүйл байна. Тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд тариаланчдын тавьж байгаа асуудлыг ойрын хугацаанд УИХ засгийн газарт уламжилж шийдүүлэх ёстой гэж бодож байна.