Д.Эрдэнэбат: Засгийн газар хуулийн зөрчлөө нуух гэж нэг өдөр хоёр өөр өргөдөл оруулж ирсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ж.Бат-Эрдэнэ сайд хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө хоёр өөрөөр бичдэг нь ямар учиртай талаар хөндлөө. Тэрбээр "Г.Занданшатар сайд намайг улс төржиж байна гэх юм. Би Засгийн газрын тухай хуульд заасан асуудлыг ойлгомжтойгоор асууж байна. Гэтэл үүрэг хуваарилах гэдгийг үүрэг гүйцэтгэсэн гээд давхар ойлголтоор мушгих хэрэггүй. Зарчим нь адилхан. Хоёр өргөдөл ирсэн нь үнэн. Хуулийн зөрчлөө нуух гээд та нар үүнийг зохион байгуулалттайгаар хийсэн. Тиймээс ч Ж.Бат-Эрдэнэ гишүүн ичээд анхны өргөдлийг бүгдийг нь устгачихсан. Засгийн газрын энэ мэт хариуцлагагүй асуудал ганцхан Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлснөөр алга болно гэж бодохгүй байгаа. Үнэндээ төрийн алба бүхэлдээ хариуцлагагүй улс төрждөг болсон. Ж.Бат-Эрдэнэ сайд анхны тохиолдлоор хариуцлага хүлээгээд явж байна. Ер нь төрийн бүх шатанд меррит зарчим алдагдаж улс төржиж буй асуудлын хамгийн том жишээ ЗТХЯ дээр гарсан. Үүнийг бид олон нийтэд ил тод хэлэх ёстой. Аль намын үед алдаж, аль намын үед цэгцтэй байгааг ард түмэн харж байгаа. Өөрсдийнхөө алдааг нэг бодож үз. Төрийн байгууллагад, ажлын байран дээр гарсан хүн амины ноцтой хэрэг бол улс төржилтөөс үүдэлтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч дүгнэлт хийх хэрэгтэй. Би энэ Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж байна гэж шууд хэлнэ. Та нар битгий өөрсдийгөө өмөөрөөд бай. Нэг удаад яагаад жаахан ухаарал авч болохгүй юм бэ. Асуудлыг өнөөдөр ганцхан ЗТХ-ийн сайд дээр ярих ёсгүй. Энэ маш олон салбар дээр давтагдаж байгаа, гарч болзошгүй эрсдэлүүд болж хувираад байна. Саяхан гарсан олон цагийн эрчим хүчний зогсолт өвөл гарсан бол яах байсан бэ. Хэчнээн хэмжээний хор уршиг учрах байсан бэ гээд олон зүйл байгаа. Тиймээс Засгийн газар дүгнэлт хийх хэрэгтэй" гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ сайд хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх  хоёр өөрөөр өргөдлийг зургаар хүргэж байна: