Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дэд дарга ноён Гүнжи Акира Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийллээ. Мөн Япон улсад байгалийн гамшиг тохиох үеэр Монголын засгийн газар, ард түмэн чин сэтгэлээсээ хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэнд парламентын зөвлөхүүдийн танхимын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.
Энэхүү айлчлалаар тус улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь хоёр талын айлчлалын цар хүрээ, давтамж нэмэгдэж байгаа явдал хэмээн ноён Гүнжи Акира онцолж, энэ нь эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаагийн илрэл хэмээв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсаас Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэг их байдаг, Монгол Улс ардчилалд шилжих үед Япончууд “Говь”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт өрнүүлсэн нь өдгөө менежмент сайтай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд болсон талаар дурдлаа.
Түүнчлэн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Япон Улсын зээлээр барьж, удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа нь хоёр улсын сүүлийн үед хамтран хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болохыг онцлов. Мөн нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа Япончууд менежментийг нь хариуцан ажиллахаар болсныг дурдаж, шинэ нисэх онгоцны бүтээн байгуулалтын асуудлаар үргэлжлүүлэн ярилцав.
Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүд мөн шинэ нисэх онгоцны буудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтойг хэлж, цаашдаа Япон-Монгол чиглэлд нислэгийн тоо нэмэгдэж, иргэд хоорондын харилцаа улам бүр гүнзгийрэх болтугай гэсэн юм.
Талууд үргэлжлүүлэн аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүдэд ажлын амжилт хүсч, айлчлалаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Уулзалтад, Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дэд дарга ноён Гүнжи Акира, Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүн Макото Нишида, Тадаёши Ичида, Наоки Окада, Казүяа Шимба болон хатагтай Рэнхо Мурата нар оролцов.