Газар тариалангийн салбарын талаар авах арга хэмжээний санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьд УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Энэ үеэр хөдөө аж ахуйн бодлого, үйл ажиллагааны талаар хөндсөн олон тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлага байна гэж үзсэн байна. Тиймээс дараах саналаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлжээ.

Улсын Их Хурлын түвшинд эрхзүйн зохицуулалт хийх:

1.Монгол улсын хэмжээнд  Малын хөлийн татварыг бүсчлэн тогтоох асуудлыг судлан шийдэх.

2.Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хувиараа оруулан ирж байгаа газар тариалангийн зориулалттай техник, машин механизмын Гаалийн албан татварыг чөлөөлөх.

Засгийн газрын түвшинд:

1.Тус аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдууд нь Монгол Улсын үр тарианы 30 орчим хувийг тариалдаг бөгөөд одоог болтол төв замтай шороон замаар холбогдсон хэвээрээ байна. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Баруунбүрэн сумд нь газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн гол бүс бөгөөд  356 мянган малтай аймагтаа хамгийн олон толгой малтай сумд юм. Орхон голын гүүр баригдсанаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн голлох бүсийн авто зам Дархан-Эрдэнэт чиглэлийн хэвтээ чиглэлийн авто замтай холбогдож цаг хугацааны болон эдийн засгийн үр ашигтай болох юм. Монгол улсын газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн дэд бүтцийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай  доорх төслүүдийг эхлүүлэх:

а. Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг- Зэлтэрийн  боомт чиглэлийн 120.85км авто зам

б. Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант чиглэлийн 33.4 км хатуу хучилттай авто зам

в. Орхон голын гүүрний зураг төсөв /Сэлэнгэ, Орхонтуул сум/

  1. Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай 131 дүгээр тогтоолтой холбоотойгоор:

а. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг яаралтай боловсруулж, хэрэгжилтийг хангах.

б. Дээрх тогтоолын хэрэгжилтийн тайланг Улсын их хурал, Засгийн газарт 2021 онд танилцуулах хугацааг наашлуулан жил бүр хэлэлцдэг болгох.

в. Дээрх тогтоолын 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийгдэх ажлыг тодорхой болгож. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт төрийн зүгээс оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

г. Арилжааны банкны олгодог Газар тариалангийн зориулалттай зээлийн хүүг бууруулах.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны түвшинд:

1.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэх асуудал:

а. ТЭДС-аас олгодог будааны урамшууллыг Борлуулалтын орлогоор тооцож 10%-ын НӨАТ авдгийг судлан, НӨАТ-аас чөлөөлөх талаар Сангийн яаманд санал оруулах.

б. ТЭДС нь аж ахуй нэгжүүдийн хүчин чадалд тохирсон техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх урт хугацааны бодлоготой болох.

в.Ганд өртсөн жил тариаланчдын ТЭДС-гаас авсан зээлийн хэмжээг багасгадаг, чөлөөлдөг байх зохицуулалт хийх.

г. Тариалангийн талбайг хашаажуулах зорилгоор сонгон шалгаруулалт явуулан  1 км хашааг 8.3 сая төгрөг буюу хэт өндөр үнээр барьж, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн өгч байгаа асуудлыг таслан зогсоож, хашаа барих ажлыг зах зээлийн бодит үнээр гүйцэтгүүлэх.

2.Нийлмэл бордоог импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг тариаланчдад олгох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах.

3.Тариаланчдын улаанбуудайг төр худалдан авах асуудлыг цаашид судлан улаанбуудайн доод үнийг урьдчилан тогтоодог байх асуудлыг шийдвэрлэх.

4.Буудайны шинжилгээний хөндлөнгийн, хараат бус лаборатори байгуулах ажлыг судлан шийдвэрлэх.

5.Тариан талбайд хэрэглэж байгаа хорын зарцуулалтад хяналт тавих, ашигласан хорын савыг устгах, дахин ашиглахгүй байх аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.

6.ХХААХҮЯ-ны импортын квотын Улаанбуудайн оруулж ирэх хугацаа нь тариаланчдын гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай нийлүүлэх хугацаатай давхцаж дотоодын  улаанбуудайн үнийг унагадаг байдлыг арилгах. Дотоодын улаанбуудайн нийлүүлэгдэж дууссаны дараа квотын Улаанбуудайн хэмжээг тогтоодог байх зохицуулалтыг хийх.

7.Газар тариалангийн асуудал эрхэлсэн бие даасан Засгийн Газрын агентлагтай болох асуудлыг судлах.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг дээрх асуудлуудыг судлан хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллээр хариу өгөхийг хүссэн байна.