“Өнөөдрийн Монгол” үзэсгэлэнд гадны мэдээллийн 6 агентлагийн гэрэл зурагчид бүтээлээ дэлгэнэ

Монгол орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд боллоо. Дээрх төслийн хүрээнд манай улсад олон улсын нэртэй гэрэл зурагчид хүрэлцэн ирээд байна.

Тодруулбал, Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү нарын гэрэл зурагчид иржээ. Манай улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид оролцож буйг Монголын Гэрэл зурагчды нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, гэрэл зурагчин Ц.Батбаатар танилцууллаа. “Өнөөдрийн Монгол” төсөл нь аравдугаар сарын 8-15-ны хооронд манай улсад хэрэгжиж эхэлж буй бөгөөд манай улсаас төр, засгийн зүгээс Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, засгийн болон ТББ-ууд хамтран хэрэгжүүлж буйг тэрээр онцолсон.

МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд төслийн нээлтийн үеэр хэлэхдээ, “Монгол Улсыг гадаадад мэдээллээр дамжуулан сурталчлах үүрэг хүлээсэн МОНЦАМЭ агентлаг монгол, англи, орос, хятад, япон зэрэг 5 хэлээр цахим хуудас ажиллуулж өдөр тутам мэдээллээ түгээж байна. Мөн англи, орос, хятад, япон хэлээр 7 хоног тутмын сонин, англи хэлээр улирал тутам сэтгүүл эрхлэн гаргадаг”-ийг онцлоод, өнөөдөр нээлтээ хийж байгаа, олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан эх орноо сурталчлах зорилго бүхий энэ хөтөлбөрт хамтран ажилладаг нэр хүнд бүхий байгууллагууд болох ОХУ-ын ТАСС, СПУТНИК, БНХАУ-ын СИНЬХУА, Япон улсын КИОДО ЦУШИН агентлагийн гэрэл зурагчдыг урьж оролцууж буйг тодогтгов. Тэрээр төсөлд оролцож буй нийт гэрэл зурагчид, уран бүтээлчдэд өндөр амжилт хүсэн орчин үеийн Монгол Улсын түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан гэрэл зурагтай болж, өөр өөрсдийн сувгаар дэлхий дахинд түгээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Целовальникова Светлана-Цыбик Иваноновагаас сэтгэгдлийг сонсвол, “Монгол оронд дахин ирж буйдаа баяртай байна. Энд миний олон найз нөхөд, анд бий. Тэдэнтэйгээ дахин уулзаж, нэгэн зорилгын дор дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв. Тэрээр угсаатан судлалын чиглэлээр алдаршсан гэрэл зурагчин юм байна.

“Өнөөдрийн Монгол” төсөлд оролцож буй олон улсын гэрэл зурагчид 7 хоногийн хугацаанд манай улсын төр, засгийн гишүүд, иргэд, олон нийттэй уулзаж, Төв, Дархан-Уул, Орхон аймаг болон малчин айлд зочилж гэрэл зураг авснаар “Өнөөдрийн Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах юм. Тэдний уран бүтээлийн ажил өнөөдөр улсын нийслэл Улаанбаатар хоттой танилцахаас эхэлж байна.

26 Сэтгэгдэлүүд

Comments are closed.