БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах, утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна. Бидний эрүүл мэнд маш чухал. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн 52 хувь нь, хүүхдийн 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй. Зүрх судасны эмгэг 20 хувь. Нийслэлийн хүн амын нас баралт 9 хувьтай байна. Уушиг зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8 хувьтай, уушигны хавдар өвчлөл 39.9 хувьтай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушигний багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдээс 40 хувиар бага байна. Энэ нь хүүхдүүд багаасаа ийм суурь өвчтэй болж байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдэлтэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын 220 мянган гаруй айл өрхийн галлагаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудаас, 4 хувь нь хөрсөн дээр тогтсон бохирдлоос бий болж байгаа. Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр нэмэгдэж байна. Захиргааны аргаар арга хэмжээ авч байгаа ч шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна. 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.
50 тэрбумаар хамгийн ихдээ 10 мянган айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах учраас энэ шийдлийг сонгосон.Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе. Үйлдвэрлэгч энэхүү төхөөрөмж тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.