-2019 төсвийн төслийн багц хуулиудыг хэлэлцэв-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.10.22/ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2019 оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарав.
Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгдсэн.
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хаврын чуулганы төгсгөлд завсарлага авсан байсан. Учир нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно гэж үзсэн юм. Тухайлбал,Монгол Улсын Засгийн газар төрийн захиргааны төв болон бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу мэргэшсэн шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй болно. Үүнээс улбаалан эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд түүнийгээ хамгаалуулахаар дагнасан шүүхэд хандах боломжгүй болно.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль, тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгосон тохиолдол үгүй тул шүүхэд хандаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болно гэж үзэж буй учраас эдгээр заалтуудыг зайлшгүй эргэж харах шаардлага байна гэж үзэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг